Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын 10-20-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд “Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургагч бэлтгэх” сургалтыг Кабкабияа суурин дахь “Хөх морь” баазад зохион байгууллаа. Эмнэлгийн тусламж үзүүлэх тодорхой мэдлэг, туршлага бүхий 50 шахам иргэнийг орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагын оролцоотой Кабкабияа болон цагийн байдал хурцадмал байгаа Сортони суурингийн дүрвэгсдийн хуарангаас сонгон хамруулсан юм.
Энэхүү сургалтыг 1 дүгээр сард мөн Кабкабияа суурингийн 30 шахам иргэнийг хамруулан сургалт явуулсаныг UNAMID ажиллагааны удирдлагуудаас өндрөөр үнэлэн хүнд нөхцөлд байгаа орон нутгийн дүрвэгсдийн хуарангийн иргэдийг хамруулан дахин зохион байгуулах хүсэлтийг Хойд секторын болон орон нутгийн удирдлагуудаас албан ёсоор гаргасаны дагуу 2 дахь удаагаа ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтыг Англи-Араб хэлний орчуулгатайгаар онол, дадлага хослуулан 52 цагийн багтаамжтайгаар 2 бүлэгт хуваан явуулж, суралцагсдад сертификат гардуулсан юм. Эл арга хэмжээнд UNAMID ажиллагааны хүчний командлагчийн орлогч, хошууч генерал Рохман Мохамед, Хойд секторын командлагч, бригадын генерал Амгад Морси болон Кабкабияа суурингийн дарга, доктор Мухамед Адам Сален болон албаны бусад төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Хошууч Т.АМАРТӨВШИН
