Сургалт, дадлагын хугацаанд төлөвлөгдсөн олон ажлуудын нэг болох улс бүрийн соёлын өдрүүдийг олон орны цэргийн алба хаагчид чөлөөт цагаараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ удаагийн соёлын өдрийг Японы улсын өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн орны түүх, соёл, үндэсний онцолгоо илтгэн тэмдэгллээ. Бидний төсөөлдөг, аливаа зүйлийг нарийн чанд сахидаг япончууд соёлын өдрөө харин ч нээлттэй бас хөгжилтэй хэлбэрээр зохиож нэгэн оройг сайхан өнгөрүүллээ.
Мөн энэ өдөр “Хааны эрэлд-2016” сургалт, дадлагатай танилцахаар Японы улсын Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын сургалтын газрын тасгийн дарга хурандаа Хидехико Фүкамизү, мэргэжилтэн дэд хурандаа Такаши Хиюга болон Япон улсын хэвлэл мэдээллийн агентлаг болох Эн Эйч Кэй телевиз, Асахи сонин, Майничи сонин зэрэг хэвлэлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, Японы өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчний салааны сургалт, дадлагын явцтай танилцлаа.





