Их эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол Бахархлын өдрийг тохиолдуулан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол цэргийн музейн “Төрийн бэлэгдлийн танхим”-д Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл байдаг билээ. Монгол Улсын Төрийн Бэлгэ Тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчлан заасан байдаг. Арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн штабын дарга дэд хурандаа Болдбаатар Есөн хөлт цагаан тугийн бэлэгдэл, хүндэтгэл болон тус цагаан туг бүтсэн түүхэн шийдвэрийн талаар тайлбар хийсэн бол Их эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр болон тус өдрийг тэмдэглэх болсон талаар товч танилцуулгыг Эрдэм шинжилгээний ажилтан-түүх судлаач С.Нямдорж ирсэн зочид төлөөлөгчдөд тайлбар хийв. Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Мурат Карагос энэхүү үйл ажиллагаанд оролцож баярын үг хэлэн нийт монголчууудад Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэлээ. Ийнхүү Монгол улсын тусгаар тогтнол, сүр хүч, ид хав, түүхэн соёл уламжлалыг харуулсан Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загвар нь Монгол цэргийн музейн “Төрийн бэлгэдлийн танхим”-д хүндэтгэлтэйгээр байршин үзэгч түмний хүртээл болж байна.