Батлан хамгаалах салбарт өнөөдөр үйл явдал өрнүүн байв. ОХУ, БНХАУ-аас манай Зэвсэгт хүчинд үзүүлж буй тусламжийг хүлээн авах арга хэмжээ энэ өдөр болж өндөрлөсөн юм. БНХАУ-ын тусламжийн 13,0 сая юанийн үнэ бүхий 22 нэгж барилга зам инженерийн техникийн зарим хэсгийг нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хайминь, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Монгол, БНХАУ нь эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, соёл, боловсрол, худалдаа эдийн засаг зэрэг олон салбарыг хамран улам эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ 2014 оноос эхлэн хоёр улсын харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд дэвшин хөгжиж байна. БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, жил бүр буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байдаг бөгөөд үүний нэг томоохон жишээ нь өнөөдрийн гардан өгч байгаа 13,0 сая юанийн үнэ бүхий 22 нэгж барилга зам инженерийн техник, хэрэгсэл юм.

