Казахстан улсад олон улсын армийн тоглолтын хүрээнд зохион байгуулагддаг “Мэргэн буудагчийн зааг-2017” тэмцээнд манай улсын Зэвсэгт хүчний баг амжилттай оролцож, тавдугаар байр эзлээд ирсэн. Энэ тухай ЗХЖШ-ын Ар талын газрын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Хадбаатараас тодрууллаа.
Тэмцээнд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн бэ?
-Олон улсын мэргэн буудагчийн аварга шалгаруулах “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг 2017.05.29-нөөс эхлэн сонгон шалгаруулж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн бэлтгэлийг зохион байгууллаа. Бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчнээс зохион байгуулсан төрөл бүрийн буудлагын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн цэргийн алба хаагчдаас сонгон авч, найман хүнтэй баг бүрдүүлэн оролцсон. Тэр дундаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дэд түрүүч Г.Алдраа манай багт багтаж, амжилттай оролцсон нь онцлог байлаа.
Тэмцээний онцлогийн талаар, цаашид бид амжилтаа ахиулахын тулд юунд анхаарах ёстой вэ?
-Цэргийн буудлагын тэмцээн нь биатлоны төрлөөр явагддагаараа бусад буудлагын тэмцээнүүдээс онцлогтой. Бусад тэмцээн нь зөвхөн хэвтээ эсвэл босоо байдлаас байран дээрээсээ буудлага үйлддэг бол энэ тэмцээн нь ерөнхий цэргийн тодорхой хэмжээний саадуудыг туулж, байгаа оноогүй тохиолдолд торгуулийн тойрог тойрох гэх мэт үндсэн дүрмээрээ ялгаатай байдаг. Тус тэмцээнд өнгөрсөн жил 12 орон оролцож байсан бол энэ жил 17 орон болж нэмэгдсэн. Тэмцээн гурван үе шаттай явагдсан. Сүүлийн шатанд бид дэлхийд Зэвсэгт хүчний хөгжлөөрөө дээгүүрт эрэмбэлэгддэг БНЭУ, Иран, ӨАБНУ зэрэг орныг ардаа орхиж, тавдугаар байрт шалгарлаа.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр өөрийн санаачилгаар тус тэмцээний удирдамжийн дагуу нэг км-ийн тойрогтой саадтай замыг байгуулсан нь тамирчдын амжилтад маш сайнаар нөлөөлсөн. Цаашдаа амжилтаа ахиулахын тулд Зэвсэгт хүчний анги, салбаруудыг хамруулсан мэргэн буудагчийн тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Тэндээс шалгарсан хүмүүсээ дахин хооронд нь өрсөлдүүлж, багаа бүрдүүлэн үндсэн тэмцээний бэлтгэлийн хугацааг 2-3 сар болгон уртасгах ёстой. Мөн мэргэжлийн дасгалжуулагч, сэтгэлзүйч, эмч заавал хамт байж өндөр амжилт үзүүлдэг. Дашрамд бидний бэлтгэл сургуулилтыг ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат шалгаж, тодорхой үүрэг даалгавар өгснийг тэмдэглэх хэрэгтэй.
Ер нь тэмцээнд дээгүүр байр эзэлсэн орнууд болох ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь зэрэг нь Зэвсэгт хүчиндээ мэргэжлийн мэргэн буудагчийн сургуулиудтай байдаг. Манай улс ч гэсэн Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн тусгай сургуулиудтай болох хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болох бодлогод энэ нь маш чухал юм.
Дэслэгч М.МӨНХЗОРИГ
