
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд зохион байгуулдаг нөхөрсөг тэмцээн уламжлал ёсоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны зааланд болж өндөрлөлөө. БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Тахарын Ерөнхий газар зэрэг найман байгууллагын 200 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээн гар бөмбөг, биллъярд, буудлага гэсэн төрлөөр зохион байгуулагдлаа. Цэргийн тагнуулын байгууллагын 95 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан Буудлагын төрөлд нэгдүгээр байрт ЦЕГ, хоёрдугаар байрт ЗХЖШ, гуравдугаар байрт БХЯ-ны баг тамирчид шалгарлаа. Биллъярдын тэмцээнд Тахарын Ерөнхий газар, ЦЕГ, ЗХЖШ-ын баг тамирчид хошуучлав. Харин гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрт бригадын генерал П.Доржсүрэн ахлагчтай ЗХЖШ-ын баг тамирчид тэргүүлж, БХЯ-ны БХЗГ-ын дарга, дэд хурандаа Э.Бямбажав ахлагчтай баг тамирчид, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ахлагчтай баг тамирчид удаалав. Гар бөмбөгийн тэмцээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ХХЕГ-ын дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр зэрэг удирдах бүрэлдэхүүн оролцож тэмцээн өрсөлдөөнтэй болж өндөрлөв. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ЗХЖШ, хоёрдугаар байрт ЦЕГ, удаах байрт БХЯ-ны баг тамирчид шалгарсан юм. Тэмцээний хаалтын үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд нөхөрсөг тоглолт хийж харилцаа, хамтын ажиллагаагаа улам сайжруулсан, нөхөрлөлийг бататгасан чухал арга хэмжээ боллоо” хэмээн онцолсон юм.