• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛИВААД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНД, ХАРИУ НЬ ЭЕРЭГ ГАРНА
Нийтэлсэн: 2016-03-25 09:24:59
Үзсэн: 37

АЛИВААД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНД, ХАРИУ НЬ ЭЕРЭГ ГАРНА
Нийтэлсэн: 2016-03-25 09:24:59 Үзсэн: 37



Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны Сургалтын төвийн зохион байгуулалт, төлөвлөлтийн ахлагч, сургагч ахлагч Д.ОТГОНБАЯР

Таныг уншигчидтайгаа танилцуулъя. Төрж өссөн нутаг ус, төгссөн сургуулийнхаа тухайд тодотгохгүй юу?

-Нийслэлд төрж, өссөн боловч аавыгаа дагавал Өвөрхангай аймгийн Бүрд сумд харьяалагддаг. Нийслэлийн 86 дугаар дунд сургуулийг төгссөн. 10 дугаар анги төгсөх жил БХИС элсэлт аваагүй юм. Тиймээс хоёр жилийн хугацаанд нэгэн компанид ажиллаж байгаад 2000-2001 онд БХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийг буудагч мэргэжлээр дүүргэсэн дээ.

Заавал цэргийн хүн болохоор шийдсэн байжээ дээ?

-Миний хоёр өвөө хоёулаа хурандаа цолтой ясны цэргийн хүмүүс. Аав минь ч удам залгасан цэргийн хүн. Тэгэхээр надад ч бас энэ замаас гажих эрх байгаагүй. Бүр багаас минь чи хоёр өвөө, аав шиг ээ цэргийн хүн болох ёстой гэсэн ухамсрыг надад суулгасан болохоор сэтгэхүйгээрээ эрт бэлтгэгдсэн гэх үү дээ. ЕБС-аа дүүргээд энгийн их, дээд сургуулиудаас сонгож болох байсан ч аавынхаа зөвлөгөөг дагаж хоёр жил өнжөөд цэргийн сургууль сонгосон.

Цэргийн сургуулийн сорилт шалгууруудыг давж гарна гэдэг амаргүй санагддаг...?

-Мэдээж, хүнд хэцүү үе их байсан. Байнга гүйж харайна, алхам тутамдаа мэдэхгүй, чадахгүй зүйлүүдтэй нүүр тулна гэдэг амар биш. Гэхдээ дээр хэлснээр хар багаасаа сэтгэл зүйгээрээ цэргийн хүн болох ёстой гээд бэлтгэгдчихсэн болохоор тухайн үедээ ийм л байх ёстой юм байна гэдэг ойлголтоор бүхний ард гардаг байлаа. Ер нь хүн хэр их ачаалал үүрч, ямар хэмжээнд бэлтгэгдэнэ, тэр хэрээрээ ажил дээр гараад түүртдэггүй байх. Ахлагч бэлтгэх төвийг төгсөөд “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид томилогдон ажлын гараагаа эхэлж, 2014 он хүртэл буудагчаас ротын ахлагч хүртэлх албан тушаалд 14 жил ажиллаад одоогийн албан тушаалд томилогдсон. Элитийн батальоны цэргийн алба хаагчдад тавигдах шаардлага, шалгуур, байнгын бэлтгэл сургуулилт, үүрэг гүйцэтгэлт гээд босго өндөр. Тэр бүхэнд хамт олноосоо суралцаж, илүү боловсорч ирсэн. 

Элитийн батальоныхон энхийг сахиулах ажиллагааны анхдагчид төдийгүй одоо бол туршлагатай энхийг сахиулагчид. Таны хувьд ч тэдний нэг. Халуун цэгт үүрэг гүйцэтгэх анхны томилолт өөрийг тань хааш нь хөтөлж байв? 

-2003 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны нэгдүгээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед бүх зүйл сонин содон бас хүнд хэцүү, харьцангуй ээдрээтэй байжээ. Ёстой л нүд нээгдээгүй байсан үе. Арга ч үгүй биз, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг монгол цэргүүдийн хувьд цоо шинэ үйл явдал байсан шүү дээ. Харин одоо өөр.

Дэлхийн халуун цэгт хөл тавих тэр агшинд ямар сэтгэгдэл төрж байснаа эргэж дурсвал?

-Онгоцноос буугаад л амьсгал давчдам бүгчим халуун уур амьсгалыг мэдэрсэн. Эхэндээ онгоцны сэнсний халуун байна гэж бодсон ч тийм биш, тухайн газар орны бодит уур амьсгал байв. Гэсэн хэдий ч монгол хүн дасан зохицох чадвар сайтай учраас 10-14 хоноод л дасчихсан. Тэгээд ч сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтээ сайн базааж, мундаг удирдлага, хамт олонтой явсан учраас хэдий цагийн байдал тогтворгүй, хүнд байсан ч үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо элэг бүтэн ирцгээсэн.

Таныг олон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, олон дамжаанд суралцсан гэх юм билээ. Дараа дараагийн ажиллагаануудаа тодруулахгүй юу?

-2005 онд Косовад явагдсан НАТО-гийн ажиллагаа, 2008 онд Сьерра Леон, 2010 онд ТАБНУ, Чад Улсад, 2013 онд БНӨСУ, 2015 онд Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн. Иракт анх хөл тавьж байснаа бодвол ажиллагаанаас ажиллагаанд дадлагажиж, аливаад хандах хандлага, харах өнцөг өөр болсон.  Бусдаасаа суралцаж өдий зэрэгтэй яваа шигээ мэдэж чадахаа бусадтай бас  хуваалцахыг хичээдэг. Сургууль, дамжааны хувьд Люксенбургийн Вант Улс, Канад улсад франц хэлний дамжаа, “Дэлхийн энхийн санаачлага хөтөлбөр”-ийн сургагч багшийн дамжаа дүүргэсэн.

Энхийг сахиулагч гэж таныхаар хэн бэ?

-Ердөө л цэрэг. Чухамдаа цэрэг хүн л энхийг сахиулж чадна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Дэк Хаммершилд хэлсэн байдаг шүү дээ. “ЭСА нь цэргийн ажил биш, гэхдээ үүнийг зөвхөн цэргүүд л хийж чадна” гэж. Үнэхээр үнэн үг. 

Энхийг сахиулагчид эх орныхоо үнэ цэнийг бусдаас илүү мэдэрдэг юм шиг санагддаг...?

-Тийм ээ. Бид хэрэв Афганистанд төрсөн бол босогч болчихсон ч юм уу, Суданд бол жалганд толгой хоргодон өл залгах хоолгүй, ам зайлах усгүй өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа. Гэтэл бид өнөөдөр ийм сайхан эх оронд ямар тансаг, ямар амар амгалан, хичнээн зоргоороо амьдарч байна вэ? Энэ бол бидэнд бурхнаас илгээсэн ховор хувь хишиг. Энэ жаргалыг даахгүй, амьдралаа, хувь заяагаа, идэж буй хоолоо голж гомдоллох хүн олон байна. Гэтэл дэлхийн нөгөө өнцөгт амьдрал яаж өрнөж байгааг ухааран эх орноо хайрлаж, эзэн шиг эзэн сууж, хувь заяандаа сэтгэл хангалуун байж, эх орноороо бахархах хэрэгтэй. Би цэргийн хүний, тэр тусмаа энхийг сахиулагчийн хувьд эх орныхоо алтан соёмбот Төрийн далбааг мандуулж, Төрийн дуулал эгшиглэх бүрт “Төрийн минь сүлд өршөө” гэж хэлдэг. 

Сонголтдоо сэтгэл гонсойх тохиолдол байсан уу? Тодруулбал, “Цэргийн хүн” болсондоо... 

-Яалаа гэж дээ, харин ч эсрэгээрээ. Би яг л “Цэргийн хүн” байх заяатай төрсөн мэт санагдах нь олон. Тиймдээ ч бага гэлтгүй хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хариу нь эерэг гардаг юм. Би харьцангуй эрт одонгоор шагнуулсан. Тодруулбал, 2013 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны II ээлжээр үүрэг гүйцэтгэж ирээд Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан юм. Гэхдээ энэ шагнал ганцхан надад зориулагдаагүй, үе, үеийн удирдлагууд, хамт олонд минь зориулагдсан гэж хүндэтгэн хүлээж авсан. Хөдөлмөрийг минь үнэлж бас цаашид илүү сайн ажиллаарай гэсэн итгэлийг хүлээлгэж хүртээсэн шагнал гэж урамшдаг.

Таны бахархал, омогшил юу вэ?

-Эх орныхоо нэр алдрыг дэлхийн чихнээ дуурсгаж яваа хүн бүр миний бахархал.

Баримталдаг зарчмын тухайд?

-Нэгэнт хийж бүтээе гэж зорьсон ажилдаа хэт шунаж, санасандаа хүртэл, чинээнд нь тултал хийчихээд сая санаа амардаг. Аливааг сунжруулж хийх биш, богино хугацаанд гараас гаргахыг хичээнэ.

Эр хүний мөн чанар ямар байх ёстой гэж боддог вэ?

-Эр хүн гүндүүгүй байх нь сайхан гэж ярихыг олонтаа сонссон. Би гүндүүгүй гэдгийг юу ч хэлээд ойлгодоггүй, маанаг гэж хэлээд байгаагаас ялгаагүй үг гэж  боддог. Тийм учраас энэ үгийг таашааж хүлээж авдаггүй. Миний хувьд төлөв түвшин, хэлсэн ярьсандаа байх нь эр хүний нандин чанар гэж боддог. Нөгөө, аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг бусдын тусыг мартдаггүй, өөрийнхөө боломж болгонд бусдад тусалж чаддаг тийм өгөөмөр зан чанар эр хүнд илүүдэхгүй.

Ямар хоббитой вэ?

-Олон зүйлийг сонирхдог. Тэр дундаас гадаадын улс орнуудын мөнгөн тэмдэгтүүд цуглуулдгаа онцлох байна. Сүүлийн үед буудлагын спортоор хичээллэж байгаа. Бас хүмүүсийн хэлсэн онч мэргэн үгүүдийг уншиж, тэндээс санаа авч, тунгаан боддог. Тийм учраас сүүлийн үед Н.Багабанди гуайн “Титэм үг-2” номыг ширээнийхээ ном болгосон.

Ингэхэд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Эхнэрийг минь Т.Дэлгэрмаа гэдэг. ОХУ-д сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Бид 4 сарын өмнө хүүтэй болж бүл нэмсэн. Нөгөө л цэргийн хүний ажил, амьдралын онцлогоор хүүгээ мэндлэхэд дэргэд нь байж чадаагүй. Афганистанд үүрэг гүйцэтгэж байлаа. Тухайн үед эхнэрээ эсэн мэнд нярайлж, хүүтэй болсон тухай мэдээ сонсоод өөрийн эрхгүй баярын нулимс унагасан даа.

Тэгвэл чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа тухай асуултгүй юм байна...

-Тийм шүү. Аав гэдэг эрхэм алдрыг хүртэж, нийгмийн өмнө хүлээсэн асар том үүрэг хариуцлагатаа эзэн байхыг хичээж байна. Жаахан ч гэсэн цаг зав л гарвал гэр рүүгээ яардаг болсон. Хань шиг хань, аав шиг аав байх эндээс л эхэлнэ гэж ойлгож байгаа.

Зэвсэгт хүчинд алба хааж яваа залуу ахлагчийн хувьд Зэвсэгт хүчнийхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Аливаа зүйлийн ирээдүй хийгээд хөгжлийг тодорхойлогч нь хүн өөрөө. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус өнөөдөр мэргэжлийн ур чадвар, сахилга бат, төлөвшлөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Дэлхийд данстай монгол цэргүүд Зэвсэгт хүчнийхээ ирээдүйг улам гэрэлтүүлэх нь гарцаагүй.

Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг Таны мэдэлд үлдээе...?

-Баярлалаа. Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралын хүйн холбоотой үе, үеийн  цэргийн алба хаагчдад Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Ахлах дэслэгч  Д.МЭНДБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226