“KERIS AMAN-23” ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх хөтөлбөр байгууллага”, Малайз улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулж байгаа “KERIS AMAN-23” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Австрали, Канад, Япон, Монгол, Балба, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд зэрэг 20 орны 800 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.
Сургуулийн хүрээнд “Штабын дадлага, сургалт”, “Чадавхыг нэмэгдүүлэх сургалт”, “Салаадын хээрийн сургууль” гэсэн 3 үндсэн сургуульд оролцож буй цэргийн алба хаагчид мэдлэг ур, чадвараа нэмэгдүүлж байна.
Тухайлбал, штабын дадлага, сургалт нь НҮБ-ын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, энхийг сахиулах ажиллагааны бодит цагийн байдалд хүчний штабт үүрэг гүйцэтгэж буй штабын офицерын шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Мөн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал ба жендэр төлөвлөлт” сургалтад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо болон эмэгтэйчүүдэд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэлийг таслан зогсоох талаарх онолын сургалтууд явагдаж байна.
Харин салаадын хээрийн сургуульд оролцож буй манай улсын цэргийн алба хаагчид НҮБ-ын үндсэн 6 хичээлийн цэг буюу “Баазын харуул хамгаалалт”, “Бүслэн нэгжих”, “Цувааны хамгаалалт”, “Татан гаргалт”, “Явган эргүүл”, “Шалган нэвтрүүлэх цэг” болон тэсэрч дэлбэрэх бодис, хайгуул устгал, хүч хэрэглэх дүрэм гэсэн нэмэлт 4 цэгтэй нийт хичээлийн 10 цэгийн сургалтад салааны бие оролцон дадлагажиж байна.
Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хаалтын ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр болно хэмээн ахмад Л.Болормаа бидэнд мэдээллээ.
ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн алба