“Миний хааж буй цэргийн алба” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд эхний 10 байрт шалгарсан хугацаат цэргийн алба хаагчдын шагнал гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 14-ний өдөр Отгонтэнгэр их сургуульд зохион байгуулав.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага, Отгонтэнгэр их сургууль хамтран Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагад цэргийн гэрээт болон хугацаат алба хааж буй түрүүч, байлдагч нарын дунд энэхүү эсээ бичлэгийн уралдааныг зарлаж дүгнэсэн юм.
Шагнал гардуулах ёслолд МЦНХ-ны Ажлын албаны дарга бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, МЦНХ-ны ажлын албаны ажилтнууд, Отгонтэнгэр их сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Энхзаяа, дэд захирал доктор Б.Одгэрэл, Гавьяат багш Б.Галиндэв нар болон уралдаанд эхний байр эзэлсэн хугацаат цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Мөн МЦНХ-ны Говь-Алтай, Дорнод, Дундговь аймгийн салбар холбоодын дарга, ажилтнууд, хөдөө, орон нутгаас байр эзэлсэн түрүүч, байлдагч нарын анги, хамт олон, гэр бүлийн төлөөлөл цахимаар оролцлоо.
Нээлтийн ёслолын үеэр МЦНХ-ны Ажлын албаны дарга бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн хэлсэн үгэндээ “Монгол цэргийн нэгдсэн холбоо нь хүүхэд, залуучууд, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж буйн дотор энэ удаагийн эсээ бичлэгийн уралдааныг цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдын дунд амжилттай явууллаа. Уралдаанд Зэвсэгт хүчний 24 нэгтгэл, ангиас 233, Хилийн цэргийн 10 ангиас 130 түрүүч, байлдагч хамрагдаж дүнгээ гаргасан” гэдгийг онцлов.
Мөн Отгонтэнгэр их сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Энхзаяа “Тус сургууль “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагатай нягт хамтран ажилладаг. Бид Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж ирсэн туршлагадаа тулгуурлан энэ жил цэргүүдийнхээ дунд уг уралдааныг амжилттай явууллаа. Уг уралдааныг зохион байгуулахад Гавьяат багш Б.Галиндэвийн оруулсан хувь нэмэр их гэдгийг онцолмоор байна. Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт зүтгэж, эх орныхоо торгон хилийг манаж буй цэргийн алба хаагч Та бүхэндээ баярлалаа гэдгээ илэрхийлье. Уралдаанд идэвхтэй оролцсон Та бүхэнд баяр хүргэе” хэмээсэн юм.
Уралдааны нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч М.Алтанбагана Талархал, 400 мянган төгрөг, Отгонтэнгэр их сургуульд эхний жил үнэгүй суралцах эрхийн бичиг, дэд байр эзэлсэн Хилийн 0214 дүгээр ангийн байлдагч Д.Ууганбаяр Талархал, 200 мянган төгрөг, Отгонтэнгэр их сургуульд 70 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, гутгаар байрт шалгарсан Хилийн 0198 дугаар ангийн байлдагч Ч.Чингүүн Талархал, 100 мянган төгрөг, Отгонтэнгэр их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийн эзэн болов.
Мөн тусгай байр эзэлсэн Зэвсэгт хүчний 017, 120, 327, 336 дугаар ангийн Б.Төгөлдөр, Б.Билгүүнбаяр, А.Билгүүн, Д.Билгүүдэй, Хилийн 0198 дугаар ангийн байлдагч Ү.Дорждэрэм, Б.Төмөрсүх, нарыг Отгонтэнгэр их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР