• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-01-17 16:16:23
Үзсэн: 247

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-01-17 16:16:23 Үзсэн: 247



        Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Хэвлэл мэдээллийн албанаас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, монголын радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай хийх уулзалтыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

        Энэхүү уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд, Монголын радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

        Уулзалтын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны нэр хүндийг өсгөх, нийт бие бүрэлдэхүүн болоод энхийг сахиулагчдын гавьяа зүтгэл, идэвх, оролцоо, улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулж буй цэргийн алба хаагчдын бүтээлч үйл ажиллагааг шуурхай сурвалжлан мэдээлэх, түгээх ажилд цаг ямагт хамтран ажиллаж ирсэн хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд та бүхэнтэйгээ 3 дахь жилдээ уламжлал болгон уулзаж байгаадаа баяртай байна. Улс оронд болон дэлхий нийтэд өрнөж буй онцлох үйл явдлууд, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралд гарч байгаа хөгжил дэвшил, санал, санаачилга, амжилт ололт, алдаа дутагдал, аливаа гаж үзэгдлийг шүүн тунгааж, шуурхай мэдээлж, өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэн, телевиз, радио, сонин, сэтгүүл, мэдээллийн сайтуудын нийтлэлийн бодлогоор дамжуулан нийгэм, бие хүнийг зөв ирээдүйд чиглүүлэх, урилан залах нэн чухал хөдөлгүүр, хөтлөгч хүч нь төдийгүй нийгмийн толь нь болсон хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэж буй үүрэг, оролцоо асар их билээ. Энэхүү бүтээлч үйл ажиллагаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын радио, телевиз, сонин, сэтгүүл, мэдээллийн сайтуудын мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд Та бүхний үүрэг, оролцоо, асар их гэдгийг энд онцлохыг хүсэж байна. Зэвсэгт хүчний удирдлага, нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, улс орноо Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй сурталчлах замаар иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилтыг агуулан дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нар, уран бүтээлчидтэйгээ хөгжил дэвшлийнхээ үе шат бүхэнд цаг ямагт, нягт хамтран байнгын харилцаатай ажилласаар ирлээ” гэдгийг онцоллоо.

        Тэрээр цааш нь “Энд дахин тодотгоход, Зэвсэгт хүчин нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үндсэн чиг үүрэгтэй төрийн байгууллага болохыг Та бүхэн сайтар мэдэж байгаа. Тиймээс Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний талаарх мэдээллийг төрийн хууль тогтоомжид заасны дагуу албан ёсны эх сурвалжийг нь үндэслэн түгээх шаардлага тавигддаг. Иймд Зэвсэгт хүчний талаарх аливаа мэдээлэл нь байгууллагын нэр хүндийг унагах, цэргийн албаны үнэлэмжийг бууруулах, нийт бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтворгүй байдлыг бий болгох сөрөг нөлөөтэй бөгөөд Та бүхэн бидний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас нь тодруулга авч, олон нийтэд түгээж байхыг хүсэж байна” хэмээв.

        Үүний дараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Энэ оны 3 дугаар сард Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойг бид ёслон тэмдэглэнэ. Өчигдөр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл маань 72 нас хүрлээ. Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн албатай нягт хамтран ажилладаг. Сэтгүүлчид та бүхэн ч мэдээлэл солилцож, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр байнга хамтарч ажиллаж буй нь мэдрэгддэг. ЗХЖШ-ын бүтцэд Хэвлэл мэдээллийн алба байгуулагдсанаас хойших хугацаанд гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ил тод, шуурхай мэдээлэх, сурталчлах чиглэлээр олон талт ажлыг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж, амжилт хүсье. Цаашид Зэвсэгт хүчний анги, салбарт хүрч, нийт бие бүрэлдэхүүний нэн ялангуяа цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд харуулах чиглэлээр санаачилга гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

     

        Мөн энэ үеэр Зэвсэгт хүчинд 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр мэдээлэл хийсний дараа ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилласан дүнг гаргасан юм.

        Дараа нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар МСНЭ-ийг “Зэвсэгт хүчинд ээлтэй шилдэг байгууллага”-аар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, “1-р суваг”, “25 дугаар суваг”, ТВ5, UBS, Eagle news телевизийн хамт олныг “Зэвсэгт хүчинд ээлтэй шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар шалгаруулж, “Өргөмжлөл” хүртээв. Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар МСНЭ-ийн зөвлөх Д.Сайнбаяр, Монголын сайтуудын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасанхүү, Eagle news телевизийн сурвалжлагч Б.Амарбаян, зураглаач Л.Очирхүү нарын шилдэг ажилтнуудыг ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

           Төгсгөлд нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн хүндэтгэлийн тоглолтыг үзүүлж, ажил хэрэгч ярилцлага өрнүүлэв.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226