Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар "Бидний бахархал" төслийг эх орон даяар хэрэгжүүлж байна.
Хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, үүх, соёлоо хайрлан хамгаалах ухамсартай, улс орны хөгжилд хувь хүний оролцоо чухал гэдгийг мэдрүүлэх зорилготой уг төслийн ач холбогдол асар их юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулж буй энэ удаагийн "Бидний бахархал" уулзалт, өдөрлөгийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчид, 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд ирсэн шинэ дайчдын дунд явуулсан юм.
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг түшиглэн 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан уулзалт, өдөрлөгт ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Материал, техникийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, Сургалт бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Т.Мөнхсаруул, Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Жаргалсайхан нарын хүндэт зочид оролцож, багш, сурагчидтай нөхөрсөг ярилцлагыг өрнүүлэв.
Сурагчдыг Үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор угтаж, уулзалт, өдөрлөгийн эхэнд Зэвсэгт хүчний болон тус ангийн үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэнг үзүүлж сонирхуулав.
Уулзалт өдөрлөгийг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ "Эх орныхоо түүх, үнэ цэн, үнэт зүйлийг сайтар мэдэж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол хүмүүн, эр цэргийн алдар гавьяа, амжилт бүхнийг дээдэлж явах"-ыг онцолж, "Монгол бахархлын өдөр"-ийн болон "Бүгд найрамдах улсаа тунхагласны баяр"-ын мэндийг дэвшүүллээ.
Дараа нь "Эх орны үнэ цэн, бахархал" сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" сэдвээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар мэдээлэл хийж, сонирхолтой ярилцлагыг өрнүүлэв.
Мөн Батлан хамгаалах яамны "Соёмбо" редакцын уран бүтээлчдийн бэлтгэсэн "Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн" контентыг үзүүлсэн нь багш, сурагчдын анхаарлын төвд байлаа.
Үүний дараагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонирхуулж, уулзалт, өдөрлөгт оролцогсод нийтээрээ зууны манлай дуу болох " Халуун элгэн нутаг" дууг дуулан жаргав.
Ийнхүү монгол эх орондоо эрдэнэт хүмүүн болж төрснөөрөө бахархсан, улс орныхоо түүх, соёл, үнэ цэн, үнэт зүйлс, хөгжил, дэвшлийг бахдан дуулсан нэгэн уулзалт, өдөрлөг хүндэт зочдын болон хүүхэд, залуучуудын нижигнэсэн алга ташилтын дор өрнөсөн нь энэ билээ.
"Бидний бахархал" төслийн хүрээнд энэхүү уулзалт, өдөрлөг цаашид ч үргэлжилнэ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР