Энэ сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, салбаруудын санхүүгийн дарга, ахлах болон тооцооны нягтлан бодогч нартай нартай цахим сургалтыг зохион байгуулав.
Энэхүү сургалтыг санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль, журам, заавруудыг Зэвсэгт хүчний санхүүгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд санхүү, бүртгэлийн ажилтнуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан нь үр дүнтэй ажил болов.
Сургалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Б.Бүрэнтөгс удирдаж, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа П.Эрдэнэбаяр, мэргэжилтэн хошууч Г.Мөнхбаяр, ахмад Ч.Ганчулуун, ахлах дэслэгч М.Лачингарав, нар доорх сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, харилцан ярилцлагыг өрнүүлсэн юм. Үүнд, “Төсвийн төслийг боловсруулах”, “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь”, “Туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний биелэлт”, “Төсвийн шууд захирагчийн 2021 оны аудитлагдсан төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн дүн, цаашид анхаарах асуудлууд”, “Санхүүжилтийн тооцоо, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, мөнгөн гүйлгээний тайлан боловсруулах, бусад тодруулга тайлангуудын уялдаа”, “Шинэчлэгдсэн шилэн дансны системийн мэдээлэл”, “Нягтлан бодох бүртгэлийн баримтжуулалт, эд хөрөнгийн тооллого, санхүүгийн баланс гаргахад анхаарах зүйлс” зэрэг асуудлыг хөндлөө.
Энэхүү сургалтын төгсгөлд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын санхүүгийн дарга, ахлах болон тооцооны нягтлан бодогч нарын санал хүсэлтийг сонссоны зэрэгцээ Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга хурандаа Б.Бүрэнтөгс сургалтын дүнг гаргаж, цаашид анхаарвал зохих асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР