ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын 100 жилийн ойн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Сэтгэл зүй ба бидний манлайлал” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, салбаруудын сэтгэл зүйн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнууд оролцоо.
Чуулга уулзалтыг нээж ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор хэлсэн үгэндээ “Улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, бие бүрэлдэхүүний ажлын ачаалал, гэр бүлийн зөрчилдөөнт харилцаа, нийгмийн хамгааллын харилцан адилгүй байдал зэрэг тулгамдсан асуудлаас шалтгаалан цэргийн алба хаагчдын дунд стресс, бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болж, гэмт хэрэг, сахилгын зөрчил гаргах, албаны үйл ажиллагаа доголдох үндэс суурь болж байна. Иймд цэргийн сургалт, бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, удирдах албан тушаалтнуудын сэтгэлгээ, хүнтэй ажиллах арга барилыг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтыг “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний манлайлал, цэргийн сургалт бэлтгэлд нөлөөлөх нь” сэдвээр зохион байгуулж, манлайллын дүрэм, номлол боловсруулах ажлыг эхлүүлэн, Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийг “Залуу офицеруудын манлайллын жил болгон зарлаж, цэргийн сургалт, сэтгэл зүйн бэлтгэлийн харилцан хамаарлыг хангахад онцгой анхааран ажиллаж байна” гэсэн юм.
Мөн тус чуулга уулзалтын үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд сэтгэл зүйн чиглэлээр боловсруулан гаргасан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа эрх зүйн баримт бичгүүд, дүрэм, журам, заавар болон ном, гарын авлагуудаар үзэсгэлэн дэлгэсэн нь харилцан туршлага, сургамж, мэдээлэл солилцох чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.
Ө.НАСАНТОГТОХ