ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болорын санаачилгаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж байгаа мөрдэстэй болон энгийн ажилтан албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг дээшлүүлэх, эерэг хандлага, харилцааны гоо зүйг түгээх, багаар ажиллах чадвар болон нийгмийн оролцоог идэвхжүүлэх зорилготой “Эмэгтэйчүүдийн клуб”-ийг байгууллаа.
Тус клубийн нээлтийн арга хэмжээг өчигдөр Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан юм.
Тус клубийн үйл ажиллагааг нээж бригадын генерал Г.Болор хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүдийн манлайлал өөртөө итгэх итгэлээс эхэлдэг. Хамгийн түрүүнд тухайн эмэгтэй хүн өөрийгөө манлайлагч болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд өөртөө итгэх итгэл л тулах цэг юм гэж хардаг. Ихэнх эмэгтэйчүүд би чадахгүй, надаас хол зүйл гэж өөрийгөө хайрцаглах тал түгээмэл анзаарагддаг. Энэ үзлээ л өөрөөсөө холдуулж чадвал манлайлагч болох эхний алхмаа хийж чадлаа гэж хараарай. Манлайллыг холоос хайх хэрэггүй. Гэр бүлээсээ, гэрийн ажлаа хувааж хийхээс эхэл. Цаг наргүй үргэлжлэх ахуйн чанартай их ажлыг хуваалцаж хөнгөвчлөөд ирэхээр өөртөө зарцуулах цаг завтай болно. Агуу бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг шүү дээ” хэмээн тодотгов.
Мөн энэ үеэр клубийн үйл ажиллагааг цаашид хэрхэн өрнүүлэх, ямар ажлуудыг хэрэгжүүлэх талаар клубийн гишүүдийн санал сэтгэгдлийг сонссон бөгөөд тэд сар бүрийн нэгний өдөр уламжлал болгон уулзалтыг зохион байгуулах, хувь хүний хөгжлийн сургагч багш нарын лекц сонсох, хөдөлгөөнт бүжиг, иог зэрэгт клубээрээ нэгдэн оролцох зэрэг санал санаачилгыг дэвшүүллээ.
Х.УНДАРМАА