Мотобуудлагын батальоны хариуцлагын бүсийн Маёом сууринд өнгөрсөн 2022 оны 07 сарын 22-ны өдөр Маёом суурингийн засаг дарга болох хошууч генерал Чуол Гатлуакын гэрлүү зэвсэгт этгээдүүд халдаж халдлагын улмаас суурингийн засаг дарга болон 10 гаруй хүн нас барсан хэрэг гарсан. Тухайн хэргээс хойш Маёом сууринд цагийн байдал тогтворгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан НҮБ-ын Юнити мужийн секторын штабын эргүүлийн төлөвлөгөөний дагуу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Маёом сууринруу агаарын эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
Тус агаарын эргүүлд Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага /CPI/-аас 2, Хүний эрхийг хамгаалах байгууллага /HRD/-аас 1, Иргэдтэй харилцах алба /Civil affairs/-2 нийт НҮБ-ын 5 ажилтны хамгаалалтыг ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Н.Гэрэлбадрахаар ахлуулсан хамгаалалтын бүлэг НҮБ-ын ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэлээ.
НҮБ-ын ажилчид Маёом суурингийн засаг даргын орлогчтой уулзаж ярилцсан бөгөөд тус сууринд цагийн байдал тогтвортой байгаа хэдий ч өнгөрсөн 10 дугаар сарын 09-ний өдөр 3 өсвөр насны хүүхэд, 800 орчим үхэр хулгайлсан хэрэг гарсан байна. Юнити мужид нүүрлээд байгаа үерийн гамшгийн улмаас зэргэлдээх суурингуудаас орон нутгийн иргэд их хэмжээгээр дүрвэн ирж байгаатай холбогдуулан аливаа гэмт хэрэг нэмэгдэх өндөр магадлалтай байгааг дурьдсан юм.
Ахлах дэслэгч П.БАЯЛАГМАА