Төв аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулж буй “Шинэ залуучууд” компанийн үр тариа хураан авах ажилд дэмжлэг үзүүлж буй Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн байлдагч Б.Отгонбаяртай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрээр “Намайг Банзрагчийн Отгонбаяр гэдэг. Төв аймгаас цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байна. Би 2018 онд Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, Техник, технологийн дээд сургуулийн авто замын инженерийн ангид суралцаж байгаад өөрийн хүсэлтээр цэргийн албанд ирсэн. Цэргийн албанд ирээд их зүйлийг сурлаа, мэргэн буудах чадвар эзэмшин, зэвсгийн засварчнаар бага мэргэжилтэн боллоо. Аливаа асуудлын цаад мөн чанарыг ухаж ойлгох, нэг нэгэнтэйгээ зөв харилцаж сурах, бусдыгаа хүндлэх, аливаа асуудалд хүлээцтэй байх, цагийн хуваарьт ажиллагаа, аюулгүйн арга хэмжээг чанд сахих, уралдаан тэмцээнд бэлтгэж орох, өөрийгөө, бие бялдраа хөгжүүлэх арга зүйд суралцсандаа бахархдаг. Өнгөрсөн хугацаанд оюутны ширээнээс зүгээр ч нэг ирээгүй гэдгээ сайтар ухаарсан даа” гэдгээ онцлов.
Байлдагч Б.Отгонбаяр цааш нь ярихдаа “Бид бүхэн цэргийн хэрэгт суралцахын зэрэгцээ Зэвсэгт хүчний марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд амжилттай оролцож, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд хөл нийлүүлэн алхлаа. Одоо намрын ургац хураалтад гар бие оролцож, иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд бага боловч хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Гурил, гурилан бүтээгдэхүүн ямархан их шат дамжлагаар, хэчнээн их хүний хөлс хөдөлмөрийн үр дүнд бидэнд ирдгийг зах зухаас нь мэдэрлээ. Бидэнд ахын сэтгэлээр хандаж, аливаа ажлыг хийх дөртэй болох, хөдөлмөрч хүнээс суралцах боломжийг олгож буй Шагдаржав ахдаа, шинэ ногооны дээж бүхий амт чанартай хоолоор үйлчилж байгаа тогооч, бэлтгэгч эгч нартаа баярласнаа илэрхийлж, ажлын арвин амжилтыг ерөөе” хэмээсэн юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР