• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ БҮТЭЭЛИЙНХЭЭ ДЭЭЖИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Нийтэлсэн: 2022-09-14 17:52:59
Үзсэн: 104

ШИНЭ БҮТЭЭЛИЙНХЭЭ ДЭЭЖИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Нийтэлсэн: 2022-09-14 17:52:59 Үзсэн: 104



      Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хамтын бүтээл болох “Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” номыг танилцуулах, түүний дээжийг Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудад өргөн барих ёслолын ажиллагааг энэ сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын хуралдааны танхимд зохион байгуулав.

      Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БСТГ-ын дарга бригадын генерал Ц.Гандорж, Сургалт, бэлтгэлийн газрын даргын орлогч, Сургалтын бодлогын хэлтсийн дарга хурандаа Д.Жигжидсүрэн, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга хурандаа М.Золзаяа, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор, хурандаа Б.Эрдэнэбат болон БХЭШХ-ийн төвийн дарга нар, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд оролцлоо.

      Энэ үеэр уг судалгааны бүтээлийн зохиогчдыг төлөөлж, БХЭШХ-ийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Ш.Паламдорж үг хэлсэн юм. Тэр бээр “Мэдээллийн шинэ эрин эхэлж буй өнөө цагт мэдээлэл, түүний технологид хувьсгалын шинж чанартай өөрчлөлтүүд явагдаж, түүний улс төр, нийгэм, эдийн засагт болон цэрэг, батлан хамгаалах хүрээнд үзүүлэх нөлөөлөл нь эрс өсөн нэмэгдлээ. Үүний улмаас дайны үндсэн бүрдэл хэсэг болох зэвсэгт тэмцэл, түүнийг явуулах арга өөрчлөгдөж байна. “Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” хамтын бүтээлээр нь онол, арга зүйн болон практик хэрэгцээ өндөрсөж буй энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практикийн шинжилгээний нэг сэдэвт бүтээл туурвиулахад оршиж байгаа юм” гэдгийг онцолсон юм.

     Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзоригт болон Зэвсэгт хүчний зарим удирдах албан тушаалтанд уг номынхоо дээжийг өргөн барих үеэр тэр бээр “Уг бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны байнгын эргэлтэд оруулж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын нийт албан тушаалтнуудаар сайтар судлуулах нь зүйтэй” гэдгийг тодотгов.

      Энэхүү номын эхэнд редактор, профессор Ц.Дашзэвэг бичихдээ “Мэдээллийн дайн, түүний стратеги, тактик” гэсэн энэхүү нэг сэдэвт, онол, практикийн шинжилгээ бүхий хамтын бүтээл нь эрин зууны мэдээлэл, мэдээллийн технологийн хөгжил, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улсын суурь дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд мэдээллийн технологийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэн хөгжүүлэх” үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогод дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн болно. Улс, нийгэм, эдийн засаг, улсын суурь дэд бүтцийг хамгаалах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулаас сэрэмжлэх арга замыг тайлбарласнаараа иргэдэд, дайны стратеги, тактикийг довтолгоо, хамгаалалт талаас нь авч үзсэнээрээ цэргийнхэнд зориулсан бүтээл юм” гэдгийг онцолсон байна.

     Уг номын эрхэм зохиогчдод талархсанаа илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226