Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилт, зохион байгуулагдсан цэргийн сургалт бэлтгэлийн үр дүнг тооцож, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг үнэлж, үүрэг гүйцэтгэх бодит чадавхыг тогтоох зорилгоор сургуулийн жилийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн төгсгөлийн ЗХЖШ-ын цогцолбор шалгалтад 2022 оны 08 дүгээр сарын 15-22-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 167, 325 дугаар ангиудад 2022 оны 08 дугаар сарын 22-оос 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал Зэвсэгт хүчний 032, 016, 013, 310 дугаар ангиуд хамрагдаж, Агаарын цэргийн командлалын цогцолбор шалгалтад Зэвсэгт хүчний 337 дугаар анги, Тусгай хүчний цэргийн командлалын шалгалтад Зэвсэгт хүчний 331, 350 дугаар ангиуд тус тус хамрагдах бөгөөд шалгалтад хамрагдаагүй бусад нэгтэл, ангиуд захирагчийн нэрэмжит шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 05-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан цогцолбор шалгалтын комиссын бүрэлдэхүүн энэ сарын 15-наас Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас сургуулийн жилийн төгсөлтын шалгалтыг эхлүүлэн, ажиллаж байна.
ЗХЖШ-ын цогцолбор шалгалтаар нэгтгэл, ангиудын үндсэн болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг таван цагийн орон тооны хүч хэрэгслээр өгөгдсөн цагийн байдалд ажиллах дадлага, жигдрэлтээр болон байлдааны болон бүх талын хангалтын бэлэн байдлын үзүүлэлтээр шалган үнэлж байна. Түүнээс гадна нэгтгэл, анги, салбаруудын өвөлжилтийн бэлтгэл, сургуулийн жилийн цэргийн албаны зохион байгуулалт, сахилгын байдал, цэргийн сургалт бэлтгэлийн түвшин, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн хангалтын болон мэдээллийн аюулгүй байдал, нууц хадгалалт, хамгаалалтын байдлыг сүүлийн 4 жилийн хугацаатай харьцуулан үнэлж дүгнэх юм.
Ахмад Б.Жавхлантөгс