• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ӨНГӨТЭЙ САЙХАН НААДЛАА
Нийтэлсэн: 2022-07-19 12:04:04
Үзсэн: 96

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ӨНГӨТЭЙ САЙХАН НААДЛАА
Нийтэлсэн: 2022-07-19 12:04:04 Үзсэн: 96



       Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэн өнгөтэй сайхан наадлаа.

        Монголчууд бид төрт ёсныхоо баяр цэнгэл их наадмыг түүхт ойнуудтайгаа хамтатган сүр жавхлантай, ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэв.

       Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшсон Үндэсний баяр наадмаар Зэвсэгт хүчнийхэн бид улсын арслантай, улсын заантай, улсын харцагатай, улсын начин, хурдан хүлгүүдийн түрүү, айрагтай, сур харваачдын мэргэдтэй өргөн дэлгэр наадав. Хүчит 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул "Аврагч" спорт хорооны тамирчин, улсын харцага О.Хангай түрүүлж Улсын аварга, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин, улсын харцага, ахлагч Б.Орхонбаяр үзүүрлэж Улсын арслан боллоо. Улсын арслан, ахлагч Б.Орхонбаярын багш нь “Таванхан” дэвжээ, "Алдар" спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, улсын харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй юм.

       Улсын заан цолоор Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны туслах дасгалжуулагч, улсын харцага, ахлах дэслэгч Баярхүүгийн Бат-Өлзий, Улсын харцага цолоор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх, улсын начин, дэслэгч Лхагваагийн Лха-Очир, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх, улсын начин, дэд ахлагч Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ нар, Улсын начин цолоор Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хорооны тамирчин, аймгийн хурц арслан, ахлах ахлагч Бэгзийн Мижидсүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Навааны Хүрэлсүх, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Алдар” спорт хорооны тамирчин, аймгийн харцага, ахмад Батдоржийн Сосорбарам, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан, дэд ахлагч Батжаргалын Лхагвадорж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх, аймгийн харцага Энхтүвшингийн Батмагнай нар хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс цолны батламжаа гардан авлаа.

       Хурдан морины уралдаанд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Морьт сумангийн тасгийн захирагч, Монгол Улсын манлай уяач, ахлагч Ононгийн Батболдын галаас уяж сойсон хурдан хүлгүүдээс хязаалан насанд түрүүлж, их насанд дөрөв, даага насанд 5 дугаар байраар тус тус айрагдав.

      Үндэсний сурын харвааны тэмцээнд эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, ҮБХИС, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулга 40 сумнаас 36 сум онож, дөрөвдүгээр байр эзлэн “Улсын онч харваач” цол, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Монгол харвааны “Андууд” клубийн харваач, спортын мастер Жадамбын Оюунгэрэл 40 сумнаас 36 сум онож, тавдугаар байр эзлэн “Улсын тод харваач” цол хүртэж, Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, ахлах ахлагч Дамбын Мөнхгэрэл 30 сумнаас 24 сум онож, хоёрдугаар байрт шалгарлаа.

      Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 112 багийн 900 орчим тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хорооны баг тамирчид 5 дугаар байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүлж, хүлэг морьд нь хурдан, хүүхдийн гийнгоо нь цээлхэн, хүчит бөхчүүд нь бяртай, цэцэн харваачид нь ончтой, хүн ард нь бахдалтай, өндөр түүхийн Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь, баяр бахдалаар дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөв.

       Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн өнгөтэй сайхан наадахын зэрэгцээ хурдан морины уралдаан зохион байгуулахад удирдлагаасаа байлдагч хүртлээ 400 гаруй цэргийн алба хаагч арын албанд ажиллаж, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолд мөн тооны цэргийнхэн хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

 

Ахлах дэслэгч Д.БОЛОР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226