• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛ УЛСАД ЧУУЛНА
Нийтэлсэн: 2022-06-15 09:08:38
Үзсэн: 105

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛ УЛСАД ЧУУЛНА
Нийтэлсэн: 2022-06-15 09:08:38 Үзсэн: 105



         Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулахаа зарласан юм.

        Энэхүү мэдэгдлийн дагуу Монгол Улсад “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдвийн дор Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг 06 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

        Хурлын үндсэн зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорил, бэрхшээл, түүний даван туулах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон туршлага солилцоход чиглэгдэнэ.

        Бага хуралд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Холбоо болон дэлхийн 30 орны 60 төлөөлөгч, Монгол Улсаас Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 25 энхийг сахиулагч эмэгтэй алба хаагч оролцоно. Мөн дэлхийн зарим улс орнуудад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах бүхий л ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл энэхүү бага хуралд цахимаар нээлттэй оролцох болно.

        Олон улсын бага хурлаар "НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний Жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээлүүд болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох", "Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээлүүд, сайн туршлага", "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь", "Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага, сургамж" зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

        Түүнчлэн хуралд оролцогсод манай эх оронд зохион байгуулж буй “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийн явцтай танилцах бөгөөд цаашид энхийн ажиллагаанд тавигдах шаардлага: Олон улсад баримталж буй бодлого, туршлагын талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх болно.

       НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өсөн нэмэгдэж, ингэснээр ажиллагааны газар орон дахь эмэгтэйчүүд, орон нутгийн иргэд, хүчирхийллийн хохирогчидтой ярилцах, тэдэнд нийгэм-сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, хүүхдүүдийг цэрэгт хүчээр элсүүлэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд цэрэг болон зэвсгээ хаясан цэрэг дайчдыг нийгэмшүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн амьдралд итгэл, үнэмшлийг нэмэгдүүлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэсээр байна.

        Энэ жил бид бүхэн Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 4,5 хувийг нь энхийг сахиулагч эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ хугацаанд манай улсын Зэвсэгт хүчний анхны энхийг сахиулагч эмэгтэй 2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын “MINURSO” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш давхарсан тоогоор 911 эмэгтэй энхийг сахиулагч үүргээ амжилттай гүйцэтгэсний 853 буюу 93,5 хувь нь цэргийн багт, үлдсэн хувь нь цэргийн ажиглагч, холбогч офицероор болон штабын офицероор бие даан үүрэг гүйцэтгээд байна.

        2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 878 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн 72 нь эмэгтэй энхийг сахиулагч байна. Тодруулбал, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүний 7,8 хувийг мөн НҮБ-ын ажиглагч, штабын офицеруудын 20 хувийг энхийг сахиулагч эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

       Үүний үр дүнд манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд нийт энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоороо 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

       Монгол Улс цэргийн багт эмэгтэй цэргийн алба хаагчдыг илгээх бэлтгэлийг богино хугацаанд хангаж, Сьерра Леон улсад явагдсан НҮБ-ын “UNMIL” ажиллагаанд анхны 11 цэргийн алба хаагчийг илгээснээс хойш манай улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд эмч, эмнэлгийн ажилтан, холбоочин болон материал хангалтын зэрэг мэргэжлээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг бэлтгэн оролцуулсан юм.

       Монгол Улсын төр, засгаас эмэгтэйчүүдийн энхийг сахиулах ажиллагааны оролцоог тууштай дэмжиж байгаа бөгөөд 2022 онд 72 эмэгтэй энхийг сахиулагчийг илгээсэн нь өмнөх оноос 14 алба хаагч буюу 24 хувиар нэмэгдсэнээр НҮБ-аас тавьж буй 2022 оны зорилтод түвшинд хүргэсэн ба цаашид эмэгтэй офицер, ахлагч нарын гадаад хэл, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх замаар жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлэн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн оролцоог 2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчдаар бүрдүүлэх болно.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 422