БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж буй ерөнхий цэргийн мэргэжлийн офицеруудын санаачилгаар орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил, Мотобуудлагын цэргийн түүхт 66 жилийн ойг тохиолдуулан “Ерөнхий цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Ёслолын ажиллагааны эхэнд мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат “Эх орноо батлан хамгаалах эрхэм үйл хэрэгт эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулахын хамт өдгөө энхийн үйлсэд зүтгэж буй Та бүхэндээ Ерөнхий цэргийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье” хэмээгээд ЗХЖШ-ын даргын болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн мэндчилгээг уншиж танилцууллаа.
Мөн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтач, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, батальоны урлагийн авьяастнуудыг тодруулах зорилгоор дууны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм. Уг тэмцээнд нийт 6 баг оролцсон ба тэмцээнийг багийн мэндчилгээ, гоцлол дуу, багийн ахлагч нарын дуу гэсэн төрлүүдээр явуулав. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Хуягт тээвэрлэгчийн ротын “Үндэстэн” баг, дэд байрт 1 дүгээр мотобуудлагын ротын “Яруу эгшиг” баг, гутгаар байрт ХҮР-ын “Эгшиглэн” баг шалгарлаа.
Энэхүү хүндэтгэл үзүүлэх ажиллагааны төгсгөлд хошууч Ч.Баяржаргал ерөнхий цэргийн офицеруудад дурсамж, үнэ бүхий зүйлийг гардуулан өгсний дараа ерөнхий цэргийн офицеруудын санаачилгаар хийсэн проекторын хөлийг дэлгэцийн хамт мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяатад хүлээлгэн өгөв.
Тэрчлэн энэ үеэр 3 дугаар мотобуудлагын ротын захирагч хошууч С.Тэмүүлэнзаяа “Үндэсний болон гадаадын Батлан хамгаалахын академи, Цэргийн дээд сургуульд элсэхийг хүсэгчдэд тусламж” хэмээх номын дээжийг батальоны удирдлагад гардуулан өгсөн нь тэдний талархлыг хүлээв.
Ахлах дэслэгч Ц.БАДАМСҮРЭН