БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны сувилагч нар энэ сарын 12-ны өдөр “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг Бентью хот дахь “Хувилай” баазад тэмдэглэн өнгөрүүлэв.
Мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байгаа сувилагч нар “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийн талаарх танилцуулга, мэдээллийг бие бүрэлдэхүүнд хүргэсний зэрэгцээ зүрх, уушгины дасгалыг зааж, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хошууч М.Хишигбаярт өөрсдийн дотоод боломжоор урласан хүүхдийн хувцсыг хүлээлгэн өгч, батальоны удирдлага болон ротын захирагч нарт сувилагч нараас эрхлэн гаргасан бяцхан зөвлөмжийн номыг гардуулж өглөө.
Энэ өдөр сувилагчийн тангараг давтах ёслолын ажиллагааг мотобуудлагын батальоны удирдлага, ротын захирагч, эмч, сувилагч нарын хамт зохион байгуулсан ба ахлах сувилагч ахлах ахлагч Б.Солонгоо “Сувилагчийн түүхэн замнал” сэдвээр илтгэл тавьсны дараа сувилагч нар тангаргаа давтаж, Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын үеэр мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат хэлсэн үгэндээ “Цэргийн багийн сувилагч Та бүхэн бидний эрүүл мэндийг хариуцан, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлээс өнөөдрийг хүртэлх хугацаанд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, өдөр шөнөгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр шантралгүй зүтгэж буйд баяр хүргэе. Хүнд хэцүү цагт өөрийн эрүүл мэндийг үл хайрлан, цар тахлын хүнд нөхцөлд үнэнчээр хөдөлмөрлөсөн та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Олон улсын сувилагч нарын баярын мэндийг хүргэе” гэдгийг онцоллоо.
Мөн сувилагч нарт баяр хүргэж, ахлах дэслэгч Ц.Бадамсүрэн, дэд ахлагч Б.Батболд нар сувилагчийн бүжиг, дотрын эмч ахлах дэслэгч С.Чанцалсүрэн, Х.Гарьд, дэд ахлагч Б.Батзаяа нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрчлэн энэ үеэр мотобуудлагын батальоны эмч нарын зүгээс сувилагч нартаа зориулан ар гэрийн мэндчилгээ болон тэдний үйл ажиллагааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлэн гэнэтийн бэлэг барьсан юм.
Ахлах дэслэгч Ц.БАДАМСҮРЭН