ЗХЖШ-ын даргын 2022 оны А/148 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар энэ сарын 6-ны өдрөөс дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжлээ. Уг тушаалд “Дулааны улирлын дүрэмт хувцсанд шилжиж байгаатай холбогдуулан хувцасны үзлэг явуулж, дүнг илтгэх”-ийг үүрэг болгосны дагуу ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүнтэй үзлэг явуулж, дүн мэдээг ирүүлээд байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүнтэй дулааны улирлын дүрэмт хувцасны үзлэгийг явуулав.
Үзлэгийн эхэнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба ЗХЖШ-ын Зохион байгуулалтын нэгжийн дарга, ХШҮГ болон төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нарын дулааны улирлын дүрэмт хувцас болон хувийн баримт бичигт үзлэг явуулсан юм.
Үүний дараа дээрх албан тушаалтнуудыг хуваарилан ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүнтэй үзлэг явуулав.
Энэхүү үзлэгийн төгсгөлд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба ЗХЖШ-ын Зохион байгуулалтын нэгжийн дарга, ХШҮГ болон төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нараас үзлэг явуулсан тухай илтгэлийг сонсож, бие бүрэлдэхүүнд хандаж үүрэг, чиглэл өглөө. Тэр бээр хэлсэн үгэндээ “Та бүхэн удирдах төв байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд учраас “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хэрэгжилтэд онцгой анхаарч, хувцаслалт, дүрэмч, жагсаалч ажиллагаа, биеэ авч явах байдал, ёс зүй, үүрэг гүйцэтгэлт, ажил албандаа хандах хандлагын хувьд цаг ямагт манлайлагч байж, бусдад үлгэр жишээ үзүүлэх учиртай. Цөөн тооны албан тушаалтнууд баримт бичгийн зөрчилтэй байна. Энэ мэт бага боловч алдаа, зөрчлийг гаргаж огт болохгүй. Цаашид гадаад үзэмжийг дээшлүүлэхэд анхаарч, баримт бичгийн зөрчлийг нэн даруй арилган, энгэрийн тэмдгийн хангалтыг хийх шаардлагатай” гэдгийг анхааруулав.
Хурандаа Б.ОТГОНБАЯР