• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

С.Ганбямба: ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫНХАА БОЛОН АР ГЭРТ НЬ ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛД ДЭМ БОЛЖ АЖИЛЛААРАЙ
Нийтэлсэн: 2022-04-05 15:46:49
Үзсэн: 100

С.Ганбямба: ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫНХАА БОЛОН АР ГЭРТ НЬ ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛД ДЭМ БОЛЖ АЖИЛЛААРАЙ
Нийтэлсэн: 2022-04-05 15:46:49 Үзсэн: 100



        Зэвсэгт хүчинд нэн шаардлагатай байгаа чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын санаачилсан “Хүний хөгжлийн менежер”, “Цэргийн сэтгэл зүйч”-ийг бэлтгэх мэргэшүүлэх сургалтад суралцаж төгссөн цэргийн алба хаагчдыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба хүлээн авч, үүрэг чиглэл өглөө.

        Бригадын генерал С.Ганбямба “Юуны өмнө та бүхэнд цэргийн алба хаагч болох энэхүү замыг сонгосон явдалд баяр хүргэе. Энэхүү сонголтыг хийх боломжийг нь бүрдүүлсэн ар гэрийнхэнд нь мөн талархал илэрхийлж байна. Цэргийн алба гэдэг сайхан алба. Та бүхэн удахгүй Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад томилогдсон албан тушаалд очоод цэргийн албаны жаргал, зовлонг мэдрэх болно. Мөн шинээр очиж байгаа учир бүх зүйлийг соргогоор хүлээн авч, өөрсдийн хэмжээнд шинэчлэх боломжийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Тиймээс анхнаасаа, очсон өдрөөсөө бүтээлч байж, ямагт шинийг эрэлхийлж албандаа дадаарай. Энд онцлоход, шинээр томилогдож байгаа сэтгэл зүйчдийн дийлэнх нь хугацаат цэргийн алба хаагчидтай ангид томилогдож байгаа. Тиймээс та бүхэн цэргийн албанд анхлан ирж байгаа байлдагчдад ямархан сэтгэгдлийг төрүүлж албанд нь дасгах, цаашид хэрхэн алба хаах гээд бүхий л зүйлд ихээхэн оролцоотой байхаас гадна асуудалтай байгаа хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслан ойрын зөвлөх нь байж, асуудлыг даван туулах хамтрагч нь байгаарай. Түүнчлэн ангийн байнгын бүрэлдэхүүн, энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагч болон тэдний ар гэрийнхэнд тулгарч байгаа асуудалд дэм болж ажиллаарай. Тэднийг гэр бүлийн харилцаа, итгэлцэл зэрэг асуудлаар сургалтуудад хамруулахаас гадна нийгмийн гажуудал болж буй гэр бүлийн гадуурх харилцааны талаар ч зохих сургалтыг явуулах хэрэгтэй. Энэ мэт та бүхний хийх ажил их байгаагийн дээр хүлээсэн үүрэг, хариуцлага чухал гэдгийг дахин онцлоод та бүхний ажилд амжилт хүсье” гэв.

        Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор болон тус газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан нар дээрх алба хаагчдад үүрэг өгч, шинэ албанд нь амжилт хүссэн юм.

       Ташрамд дурдахад, ҮБХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийг түшиглэн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс өнгөрсөн сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Цэргийн сэтгэл зүйч бэлтгэх мэргэшүүлэх сургалт”-д иргэний боловсролын их, дээд сургуулийг сэтгэл судлал, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн, цаашид цэргийн сэтгэл зүйн чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой суралцагсдыг хамруулсан бол “Хүний хөгжлийн менежер”-ийн сургалтад Зэвсэгт хүчинд офицер, ахлагчийн албан тушаалд ажилладаг, бакалаврын зэрэгтэй, дипломын голч дүн нь 2,7-оос доошгүй, цаашид энэ чиглэлээр ажиллах хүсэл, сонирхолтой залуусыг шалгаруулан уг сургалтад хамруулсан юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226