Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим дэд хурандаа нарт ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Тухайлбал, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Мандахбаяр, “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ХХЕГ-ын Зэвсэг, химийн албаны дарга дэд хурандаа С.Пүрэвдорж, Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн захирагч дэд хурандаа В.Хундгаа, 0303 дугаар ангийн захирагч дэд хурандаа Д.Мөнбиш, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ч.Мөнхчулуун нарт хурандаа цол хүртээсэн юм.
Цол гардуулах үеэр дэслэгч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ эрхэм цолыг хүртэхэд таны албаны төлөөх хүчин чармайлт, хичээл зүтгэл, хамт олон, гэр бүлийн тань дэмжлэг байгаа. Цол хүртэхээс илүү цолоо дааж явна гэдэг хамгийн том шалгуур үзүүлэлт. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.
Мөн энэ үеэр ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, АУГ-ын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайхан, Тусгай хүчний цэргийн командлалын Тусгай ажиллагааны хангалтын газрын Ажиллагааны хангалтын хэлтсийн эрүүл мэндийн хангалтын офицер хурандаа Л.Ганчимэг, ХЗЦК-ын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр нарыг Зэвсэгт хүчний “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Эх сурвалж "Соёмбо" сонин