• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ХОВДЫН ХОРОО"-НЫ ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ НАРТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН ӨДРҮҮД
Нийтэлсэн: 2022-02-21 08:47:21
Үзсэн: 66

"ХОВДЫН ХОРОО"-НЫ ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ НАРТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН ӨДРҮҮД
Нийтэлсэн: 2022-02-21 08:47:21 Үзсэн: 66



          Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохионо. Энэхүү түүхт ойгоо угтаж тус ангийн захирагч, удирдлага, хамт олноос олон арван бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ.

          Тус ангид ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Н.Баасанжав, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч МУСТА С.Энхбат болон "1-р суваг" телевизийн уран бүтээлчид хоёр хоногийн хугацаатай ажиллав.

         Ард түмэндээ "Ховдын хороо" нэрээр алдаршсан эл ангийнхан түүхт ойгоо угтаж 5 метрийн өндөртэй Ардын Хатанбаатар С.Магсаржавын хүрэл хөшөөг босгон жагсаалын талбайгаа бүрэн шинэчилж тохижуулсан ба зарим объектын дээвэр, цэргийн байр, хичээлийн танхим, албаны өрөөг шинээр засварласнаар урьд жилүүдийнхээс илүүтэйгээр өнгө зассан нь хэн бүхний нүднээ илхэн харагдах аж.

        Уран бүтээлчид биднийг 3 хоногийн хугацаанд телевизийн болон радиогийн нэвтрүүлгийг бэлтгэх явцад тус ангийн бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдаж, цэргийн албыг дүрмийн дагуу зохион байгуулж буйн зэрэгцээ цэргийн сургалт бэлтгэл, материал техникийн хангалт, мэдээлэл, сурталчилгааны ажил тогтмолжсоныг нь ажиглаад бахархах сэтгэл төрж билээ.

        Энэ үеэр хурандаа Б.Отгонбаяр цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдад "Эх оронч үзэл, хүмүүжлийн зарим асуудал, эх орноороо бахархах нь", "Цэргийн алба хаахын ач холбогдол" сэдвээр лекц уншиж, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулав.

       Мөн дээрх уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг сурталчилсан томоохон хэмжээний концертыг тоглож, урин хаврын хоёр хоногийг цэргийн алба хаагчдынхаа дунд бахархал дүүрэн өнгөрүүллээ.

      Тус ангийн түүхт 100 жилийн ойн босгон дээр хугацаат цэргийн алба хааж буй түрүүч, байлдагч нарын сэтгэл нэн өндөр байгаа бөгөөд тэдэнтэй чин сэтгэлийн халуун дотно яриаг өрнүүлэн байхад анги, хамт олноороо болоод хугацаат цэргийн албаараа бахархахын хамт их зүйлийг сурч, насан туршийн дурсамжаа бахдал дүүрэн баяжуулж яваагаа илэрхийлж билээ.

       Хайртай хүүхдүүдээс минь ялгаагүй "хэдэн бор цэргүүд"-ийнхээ цог жавхаатай нүүрийн баясал, золбоо хийморьтой жагсаалын алхааг хараад Зэвсэгт хүчинд 30 гаруй алба хаахдаа дийлэнх цаг хугацааг нь цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдынхаа дунд бахархал дүүрэн өнгөрүүлсэн гэрэлт он жилүүдийн гэгээн дурсамж хөвөрсөөр байх ажээ.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226