Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Судан Улсад явагдсан НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNAMID ажиллагааны цэргийн хээрийн II шатны эмнэлгийн үүрэг гүйцэтгэлт, туршлага, сургамжийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд болж байна.
Тус хэлэлцүүлэгт ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба, АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг, БСТГ-ын дарга бригадын генерал Ц.Гандорж, ЭМЯ-ны СБТГ-ын дарга Б.Буянтогтох, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар болон UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид оролцож байна.
Бүгд Найрамдах Судан Улсад явагдсан НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNAMID ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд АНУын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 4,2 сая америк долларын өртөг бүхий “Цэргийн хээрийн хөдөлгөөнт II шатны эмнэлэг”-ийг 2008 онд хүлээн авч, Судан улсын Дарфур мужид зохион байгуулагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг” бэлтгэн оролцуулах асуудлыг боловсруулан, ЗХЖШ-ын даргын зөвлөл, Батлан Хамгаалахын сайдын зөвлөл, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар тус тус хэлэлцүүлж, үе шаттайгаар шийдвэрлүүлэн “Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг оролцуулах тухай” Засгийн газрын 2010 оны 62 дугаар тогтоол, “Ажиллагааны бэлтгэлийг хангах тухай“ Батлан хамгаалахын сайдын 2010 оны 142 дугаар, “Ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах тухай” ЗХЖШ-ын даргын 2010 оны 357 дугаар тушаалууд тус тус гарч, цэргийн хээрийн II шатны эмнэлгийн эхний ээлжийн цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг ханган, ажиллагааны газар орон руу илгээж, 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.
Монгол Улсын Цэргийн хээрийн II шатны эмнэлэг нь НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ээр Судан улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан UNAMID ажиллагааны Хойд бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа 5300 гаруй НҮБ-ын цэрэг, цагдаа болон энгийн ажилчин албан хаагчдад эмнэлгийн анхан болон хоёр дахь шатны тусламж, яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ, ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалтын дор амь нас аврах заалтаар хийгдэх мэс засал, амбулатори, хэвтүүлэн эмчлэх, шархтныг ажиллагааны хариуцлагын бүсийн дотор болон гадна байрлах дараагийн шатны /III шатны/ эмнэлгийн байгууллага руу татан гаргах үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Ийнхүү тус ажиллагаа нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НҮБын төв штабаас гаргасан шийдвэр, UNAMID ажиллагааны Хүчний командлагчийн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны тушаалаар Судан улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан UNAMID ажиллагааны Хойд бүсийн Кабкабияа сууринд үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн багийн үйл ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болгон эх оронд нь буцаах албан ёсны шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэлт өндөрлөсөн билээ. Энэхүү ажиллагаа үргэлжилсэн долоон жилийн хугацаанд 8 удаагийн цэргийн багийн ээлжинд нийт 544 цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэсэн юм. Тус ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, туршлага, сургамж талаарх хэлэлцүүлэгт тавигдсан 7 үндсэн илтгэлийг доор тоймлон хүргэж байна.
Эх сурвалж “Соёмбо” сонин