Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”, "Тогтвортой эрх чөлөө" олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Артиллерийн сургалтын хөдөлгөөнт цэргийн багуудын туршлага, сургамж" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид үргэлжилж байна.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, СБТГ-ын дарга бригадын генерал Д.Гандорж, хурандаа Д.Мөнхсайхан, С.Жавхлансүрэн, Д.Содномцог, бэлтгэл хурандаа Б.Хадбаатар, Р.Канад, хошууч Ц.Түвшинжаргал нар болон 22 ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцож, ажиллагааны өмнөх бэлтгэлийн онцлог, үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний судалгаа, ар тал, техникийн хангалтын байдал, сэтгэл зүйн бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэж байх хугацааны талаарх туршлага сургамж, ажиллагаанд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулсан туршлага зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү хэлэлцүүлэг цаашид Зэвсэгт хүчний 150, 120, 303, 032, 084, 027, 310, 311 дүгээр ангиуд болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд 2022 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Ташрамд сонирхуулахад, 2003-2021 онд Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн оны тав, Монгол цэрэг энхийн үйлсэд зургаадугаар сард эх орондоо ирсэн билээ.
Афганистан улсад Монголын Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа олон үндэстний цэргийн алба хаагчдад үлгэр дуурайл болсоор ирснийг гадаад орнуудын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин