• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ БИЛГИЙН ТООЛЛЫН XYII ЖАРНЫ “САЙЖРУУЛАГЧ” ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-02-01 09:12:06
Үзсэн: 102

ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ БИЛГИЙН ТООЛЛЫН XYII ЖАРНЫ “САЙЖРУУЛАГЧ” ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-02-01 09:12:06 Үзсэн: 102



МЭНДЧИЛГЭЭ

         Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагч цэргийн алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ билгийн тооллын XYII жарны “Сайжруулагч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье!

        Улиран одож буй Үхэр жил нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд хуулиар хүлээсэн үүргүүдийг нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нийцүүлсэн удирдлагын баримт бичгүүдийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг нь зохион байгуулах, төрлийн цэргийн командлал, удирдах газрын бие даан үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, бүх шатанд дэг журам, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх, иргэд, цэргийн алба хаагчид, ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах, эх орныхоо бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулах, материал, техник, зэвсэглэлийн чанар, хүртээмж, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг томоохон ажил, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ололт, амжилтаар арвин жил байлаа.

         Мөн Зэвсэгт хүчний Туршилт, судалгааны төвүүдийг түшиглэн цэргийн зориулалттай зарим техник, тоног төхөөрөмжийг угсарч, үйлдвэрлэж эхэлснээр Зэвсэгт хүчний анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх чадавх нэмэгдэж, эх орондоо нэмүү өртөг шингээсэн техник, технологийг хөгжүүлэх нөхцөл бүрдэж эхэллээ.

         Тэрчлэн монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцох, хамтарсан сургууль, дадлагыг зохион байгуулах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буйн зэрэгцээ манай улсын Зэвсэгт хүчний Түргэн байрлах хүчний болон Барилга, инженерийн цэргийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн бэлэн байдал, сургалтад үнэлгээ өгөх НҮБ-ын үнэлгээ, зөвлөмжийн багт амжилттай шалгуулсан юм.

         Бид удахгүй монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг бид бүхэн нийт энхийг сахиулагчдын төдийгүй монгол хүмүүн бүрийн баяр болгон эх орон даяар өргөн тэмдэглэхийн зэрэгцээ энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нь нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэх болно.

         Дэлхий дахинд болон манай улсад дэгдээд буй цар тахлын хүнд нөхцөлд иргэд, цэргийн алба хаагч бүрээс сахилга бат, хувийн болон нийтийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд шаардаж байгаа бөгөөд Та бүхэн монгол түмний уламжлалт их баярыг холбоо, мэдээллийн технологи, цахим сүлжээг ашиглан зөвхөн гэр бүлийн хүрээнд өндөр соёлтойгоор тэмдэглэхийг уриалж байна.

        Цаашид цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Зэвсэгт хүчний өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж, улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэхийн хамт Та бүхний ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226