• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-12 09:57:33
Үзсэн: 72

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-12 09:57:33 Үзсэн: 72



        Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан байгууллагууд, хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал дэвшүүллээ.

       Энэхүү Талархалд: “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, Засгийн газрын шийдвэрийн дагуу Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2019 оны 332, 2020 оны 193 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамж, Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаал, Батлан хамгаалахын сайдын тушаал болон Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/210 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдлаа. Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь Монгол Улсад усны гүнд зохион байгуулагдсан анхны бөгөөд түүхэн арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.

       “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд БХЯ, БОАЖЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 234, 186, 011, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Нийслэл болон Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны Далайн захиргааны газар, НМХГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажилласныг цохон тэмдэглэж байна.

       Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагчид 16 метрийн усны гүнд хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх даалгаврыг 33 хоног 347 цаг 100 удаагийн шумбалтаар амжилттай гүйцэтгэсэн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сорьсон томоохон арга хэмжээ байлаа.

       Түүхэн үйл явдлыг бүтээлцэхэд гар бие оролцож, оюун ухаан, хүч хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, эр зориг, авхаалж самбаагаараа манлайлан оролцсон та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандах болтугай” гэжээ.

       Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн энэхүү бүтээлч ажилд нэн чухал үүргийг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын холбогдох албан тушаалтнууд, Зэвсэгт хүчний 234, 186, 011, 7780 дугаар ангийн томилгоот бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226