Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд, тэдгээрийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицер, ахлагч нарын дунд сэдэвчилсэн “Шилдэг лого”, “Шилдэг зурагт самбар”, “Шилдэг богино хэмжээний бичлэг” шалгаруулах уралдааныг зарласан байна.
Уралдааны зорилго нь Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн түүх, ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, гавьяа зүтгэлийг алдаршуулахад чиглэгдэнэ.
Уралдааны ерөнхий шаардлага:
- Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн утга санааг илэрхийлсэн байх гэсэн үндсэн агуулга, сэдвийн хүрээнд бүтээгдсэн байх;
- Сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн харуулах, илэрхийлэх;
- Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болно;
- Бүтээлийг хэсэгчлэн болон бүтнээр бусад эх сурвалжаас хуулбарлаагүй, зохиогчийн эрх зөрчөөгүй байх;
- Хугацаа хожимдсон, тавигдсан шаардлагыг хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.
Уралдааны тусгай шаардлага:
1. “ШИЛДЭГ ЛОГО”
- Лого нь энхийг сахиулах ажиллагааны түүх, үйл ажиллагааны онцлог, уламжлал, шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гурваас ихгүй өнгө хосолсон, өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны бүтээл байх;
- Монгол Улс болон НҮБ-ын далбаа орсон байх;
- 20 жилийн ойн тоо орсон байх;
- Adobe Photoshop, In Design, Corel Draw зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон аргаар зурж бүтээсэн байж болно;
- Монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэрээр байж болно;
- Логоны дизайн нь голлох өнгөний дагуу зохимжтой харагдахуйц байж, жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиох;
- Лого нь видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк,
ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх;
- Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх;
- Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
- Логог эх бэлтгэлийн программ дээр бэлтгэхдээ өнгөний тохиргоог CMYK -ээр хийх;
- Логоны зураглал бүр нь тодорхой утга санааг агуулсан байх, тэдгээрийг дараах шаардлагын дагуу тайлбарлаж бичсэн байх;
А. “ТАЙЛБАР” гэж гарчиглах;
Б. Логоны зүйл бүрийг дугаарлах (1, 2, 3, …);
В. Дугаарласан зүйлийн утга, бэлгэдлийг товч, тодорхой, найруулга зүйн алдаагүй, зөв бичгийн дүрмийн дагуу Arial фонтоор, 12pt өндөр, 1.0 мөр хоорондын зайтай, А4 цаасан дээр, баруун, дээд, доод талаас 2 см, зүүн талаас 3 см зай авч бичнэ;
Г. Тайлбар дууссаны дараа анги, цол, овог нэрийг тодорхой бичнэ;
2. “ШИЛДЭГ ЗУРАГТ САМБАР”
- Зурагт самбар нь энхийг сахиулах ажиллагааны түүх, үйл ажиллагааны онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн, онцлох үйл явдлыг харуулсан өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны бүтээл байх;
- Adobe Photoshop, In Design, Corel Draw зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон аргаар зурж бүтээсэн байж болно;
- Монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэрээр байж болно;
- Зурагт самбарын дизайн нь голлох өнгөний дагуу зохимжтой харагдахуйц байх;
- Зурагт самбарыг сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх;
- Зурагт самбар нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх;
- Зурагт самбарыг эх бэлтгэлийн программ дээр бэлтгэхдээ өнгөний тохиргоог CMYK-ээр хийх.
3. “ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ БИЧЛЭГ”
- Богино хэмжээний бичлэг нь энхийг сахиулах ажиллагааны түүх, үйл ажиллагааны онцлог, уламжлал шинэчлэлийн утга санаа, онцлох үйл явдлыг бэлгэдсэн өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны бүтээл байх;
- Ямар ч төрийн видео хийх апликейшн ашиглаж болно;
- Бүтээлд зураг, график, монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэр байж болно;
- Богино хэмжээний бичлэгт орж буй зураг, дүрслэл нь өндөр нягтралтай байх;
- Богино хэмжээний бичлэгийн үргэлжлэх хугацаа 2-3 минут байх;
- HD форматтай байх;
- Дуу, дүрсний өндөр чанартай байх зэрэг тусгай шаардлага тавигдана.
Та бүхнийг уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ