
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн энэ сарын 11-ний өдөр 1000 орчим шар хуайс, хайлаас мод тарилаа.
Тус хамт олон өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ангийн гадна, дотно орчинд мод тарих, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсний дотор Ахлагчийн болон Хугацаат цэргийн алба хаагчдын цэцэрлэгт хүрээлэнг байгуулан тохижуулжээ.

Тэрчлэн шилэн хүлэмжид улаан лооль, өргөст хэмх, цэцэгт баацай, чинжүү, сонгино зэрэг ногоог тариалан цэргийн алба хаагчдын хүнсний хэрэгцээнд ашиглан, багагүй ашиг олсон талаар ангийн захирагчийн материал хэрэгслийн хангалт хариуцсан орлогч, хошууч С.Зоригтбүргэд танилцууллаа.

Мөн ажилтнуудын 40 айлын албан тушаалын байрны орчинд олон тооны модыг тарьж ургуулсны зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулж тохижуулсан байна.
Цаашид ангийн ногоон байгууламжийг өргөтгөн офицер, ахлагч, ажилтнуудын дунд мод тарих, ургуулах хөдөлгөөнийг улам идэвхжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ ажилд албан тушаалтан бүрийн идэвх санаачилга, хичээл зүтгэл юу юунаас чухал хэмээн ангийн захирагч, хурандаа Ц.Батхүү онцолсон юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР