• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Н.Нямбаяр: ҮҮРГЭЭ ЧАДВАРЛАГААР БИЕЛҮҮЛДЭГ ЦЭРГҮҮДЭЭРЭЭ БАХАРХДАГ
Нийтэлсэн: 2021-05-28 11:00:39
Үзсэн: 82

Н.Нямбаяр: ҮҮРГЭЭ ЧАДВАРЛАГААР БИЕЛҮҮЛДЭГ ЦЭРГҮҮДЭЭРЭЭ БАХАРХДАГ
Нийтэлсэн: 2021-05-28 11:00:39 Үзсэн: 82



Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны ажиллагааны ахлах офицер, дэд хурандаа Н.Нямбаярыг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг угтан урьж ярилцлаа.

Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Юуны өмнө “Соёмбо” сонины энэхүү дугаарыг шимтэн уншиж буй нийт мөрдэс нэгт нөхдөдөө алс холын Африк тивээс “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Би 1982 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж өссөн. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийг 2006 онд Зэвсгийн ашиглалт засварын инженер мэргэжлээр, 2008 онд Цэргийн шинжлэх ухааны болон төрийн захиргаа удирдлагын бакалаврын зэрэгтэйгээр тус тус төгссөн Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлд зэвсгийн офицероор ажилладаг.

Ажиллагааны туршлага...

-Би 5 дахь удаагаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах “MINURCAT” ажиллагааны II ээлжид, 2013 онд БНӨСУ-д “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний I ээлжид, 2015 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд, 2017 онд БНӨСУ-д “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багт тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Монголын цэргийн алба хаагчдаараа бахархаж байсан тухайд ...

-Үүрэг гүйцэтгэсэн ажиллагаа, ээлж болгон өөр өөрийн онцлогтой, хамт үүрэг гүйцэтгэж байсан хамт олноороо үргэлж бахархаж, дурсдаг. Бентью суурины Дотоодын дүрвэгсдийн хуаран /ДДХ/-д 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнө зэвсэгтэй таван хүн харуулын цэгүүдийн хооронд татсан торыг давж гарахыг оролдсон бөгөөд энэ үед харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийн алба хаагч автоматаар 1 удаагийн анхааруулах буудлага хийхэд ДДХ руу буцаад зугтаж орсон явдал болсон юм.

Уг цагийн байдлын мэдээг авсан даруйдаа манай батальоны томилгоот бүлгүүдийг ДДХ-д нэмэлт эргүүлээр хүчжүүлж, зэвсэгтэй этгээдүүдийн орогнож болзошгүй газруудад хамгаалалтын бүлгүүдийг байрлуулж үүрэг гүйцэтгүүлсэн бөгөөд манай эргүүлүүдийн хяналтын цэгийн ойролцоо орон нутгийн 3 иргэн толгойн тус газраа шархтай, гараа ардаа хүлүүлсэн байдалтайгаар тусламж хүсэн гарч ирсэн ба дотор зэвсэглэсэн хүмүүс байгаа талаар хэлж байлаа. Яг энэ үед автоматаар зэвсэглэсэн тэр этгээдүүд гарч ирэн манай хамгаалалтын бүрэлдэхүүн рүү 2-3 удаа гал нээсэн бөгөөд МББ-ны хамгаалалтын бүрэлдэхүүн НҮБ-ын “UNMISS” ажиллагааны хүч хэрэглэх дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж, хариу гал нээж хоёр нь шархдаж, бусад нь зугтсан.

Энэхүү үйл явдлын дараа ДДХ-гийн иргэд манай энхийг сахиулагчдад талархал илэрхийлэн “Thank you Mongolia, Thank you Monbatt” хэмээн хашгирч баярлаж, бахдаж байсан нь манай цэргийн алба хаагчдын үйл хэрэг хэр чухал болохыг илтгэхийн сацуу тухайн үед нөхдөөрөө бахархах сэтгэл их төрж байлаа.

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр олж авч байгаа туршлага, ач холбогдол юу вэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр миний олж авсан туршлага гэвэл цэргийн алба хаагчдын өмнө тавигдсан үүргийг хэрхэн, яаж, ямар арга замаар зөв оновчтой, цагийн байдлын ямар ч нөхцөлд гүйцэтгүүлэх бэлтгэл, дадлагыг эзэмшүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түүнчлэн цэргийн алба хаагчдыг ажиллагааны зөв удирдлагаар хангаж, тус бүрд нь үүргийг нь сайтар ойлгуулах цагийн байдлыг бодитоор үнэлэх нь ажиллагааг амжилттай гүйцэтгэх гол түлхүүр юм.

Цэргийн багийн бүх шатны дарга нар НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг /MOU/, НҮБ болон БНӨСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, ажиллагааны хүч хэрэглэх дүрэм, ажиллагааны мандат зэрэг чухал баримт бичгийг маш сайн уншиж судлах хэрэгтэй. Эдгээр баримт бичигт алба хаагчдын хоол, хүнс, ар тал хангалт, байр сууц, үүрэг гүйцэтгэж байх үед тохиолдох бэрхшээлийг хэрхэн үнэлэх, тухайн нөхцөл байдалд хүчийг хэрхэн хэрэглэх зэргийг тодорхой тусгасан байдаг бөгөөд эргүүл, цувааны хамгаалалт, харуулын үүрэг зэрэг ажиллагааны үүргийг гүйцэтгэхэд бие бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлэх ач холбогдолтой.

Манай энхийг сахиулагчдын бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Манай цэргийн алба хаагчдын хамгийн том ялгарах онцлог нь ямар ч цагийн байдалд ахлах даргын өгсөн тушаал, шийдвэрийг зоригтойгоор мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг бөгөөд ажиллагааны газар орны шинж чанар, байгаль, цаг агаар, гүйцэтгэж байгаа үүрэгтээ бие бялдар, сэтгэл зүйн хувьд дасан зохицох чадвар өндөр байдаг. Жишээ дурдвал эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орон нутгийн хууль бус шалган дээр зэвсэгтэй этгээдүүд биднийг зогсоох явдал нэлээд тохиолддог бөгөөд энэ үед ахлах даргын гаргасан шийдвэрийг айж, сандралгүйгээр чадварлагаар биелүүлж чаддаг цэргүүдээрээ бахархдаг.

Мөн манай алба хаагчдад ажиглагддаг онцлог чанар бол маш бүтээлч, гарын доорх материалыг ашиглан өөрсдийн ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, хортон шавж, зэрлэг араатнаас хамгаалах янз бүрийн арга сэдэж, газар орон, байгальтай зохицож чаддагаараа ялгардаг.

Төгсгөлд нь дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэн монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, цэнхэр дуулгатнууддаа Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"Соёмбо" сонин, дэд хурандаа Х.ГАНЗУЛ

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423