• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Т.ГАНТӨМӨР: ХУВИЙН САХИЛГА БАТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ АЖИЛ АМЖИЛТЫН ҮНДЭС ЮМ
Нийтэлсэн: 2021-05-18 11:34:40
Үзсэн: 244

ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Т.ГАНТӨМӨР: ХУВИЙН САХИЛГА БАТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ АЖИЛ АМЖИЛТЫН ҮНДЭС ЮМ
Нийтэлсэн: 2021-05-18 11:34:40 Үзсэн: 244



Цэргийн сахилга бат нь Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөх цэргийн дэг журам гэж ойлгож болно. Цэргийн сахилга батгүйгээр нэгтгэл, анги, салаа, салбар, багийн үйл ажиллагааг төсөөлөх боломжгүй. Цэргийн сахилга бат нь зан чанар, ёс суртахуун, эв нэгдлийг бүрдүүлдэг тул цэргийн алба хаагчдад маш чухал юм. Түүний салшгүй нэг хэсэг нь хувийн сахилга бат зохион байгуулалт бөгөөд албаны болон хувийн амьдралд чухал үүргийг гүйцэтгэдэг. Ерөнхийдөө хувийн сахилга зохион байгуулалт гэдэг нь үйл ажиллагаагаа төлөвлөн түүнийгээ хэрэгжүүлэх явц бөгөөд үүнийг биелүүлснээр өөрийгөө хянах, сул талаа даван дийлэх боломжийг олж авна. “Хувийн сахилга зохион байгуулалт” гэдэг үгийг зүйр үг шиг дагаж ажиллах ёстой гэж боддог. Энэ нь ёс суртахуун, ёс зүй, хууль ёсны чиг баримжаатай байх ба хүн бүр үүнийг дагаж мөрдсөнөөр хувь хүн өөрийн зорилгоо биелүүлж, амжилтад хүрэх явдал юм.

Өөрийн ажил мэргэжилдээ хувийн сахилга зохион байгуулалт сайтай байя гэвэл нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бодох хэрэгтэй. Хувийн сахилга зохион байгуулалт нь хувь хүний үүрэг хариуцлагыг агуулсан байх ба энэ нь тогтвортой байх ёстой. Жишээ нь, албаны хувьд хувь хүний сахилга зохион байгуулалт нь бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэнд, мэргэжлийн цэргийн боловсролыг шаарддаг.

Бие бялдрын бэлтгэлжилт гэдэг нь хувийн сахилга зохион байгуулалтын хамгийн эхэнд байх ёстой. Ажил мэргэжлийнхээ хүрээнд цэргийн алба хаагч нь өөрийн нэгтгэл, анги, байгууллагадаа зохион байгуулагдах уралдаан тэмцээн, биеийн тамирын шалгалтын хуваариас үл хамаарч хувь хүн бүр өөрийн бие бялдрын бэлтгэлжилтэд байнга анхаарч Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрддөг биеийн тамирын шалгуур үзүүлэлтийн стандартыг хангахаас гадна түүнийгээ байнга өсөн нэмэгдүүлж байх хувийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Мөн түүнчлэн өөрийн эрүүл мэндэд байнга анхаарч өөрийгөө эрүүл мэндийн хувьд байнгын бэлэн байдалд байлгаснаар томилогдсон үүргээ амжилттай биелүүлэх нөхцөл нэмэгдэнэ.

Ажлын байрандаа хувийн сахилга зохион байгуулалттай байх нь таны ажил албандаа шат дараалан дэвшихэд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг. Хэрвээ та Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа бол хувийн сахилга бат, зохион байгуулалт нь өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх, хэт нэг талыг баримтлахгүй, өгөдсөн үүргийг зөв ойлгож, амжилттай гүйцэтгэх шийдвэр гаргахад их чухал болохыг ойлгоно. Ингэснээр та эрсдлийг зөв тодорхойлж, зорилго, зорилтуудаа эхнээс нь дуусах хүртэл тодорхой байлгаж, амжилттай гүйцэтгэх чадвартай болно. Хувийн сахилга бат, зохион байгуулалт нь шийдвэрийг нухацтай тунгаан бодож, түүнээс гарах үр дагавар, нөлөөллийг ойлгох чадвартай байхыг шаарддаг. Ажил албандаа хувийн сахилга бат, зохион байгуулалттай байх нь зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, багахан амжилтад ханалгүй зорилгоо гүйцэд биелүүлэх чадварт сургаж байдаг. Энэ нь таны цаг хугацаа, хөдөлмөрт оруулж байгаа хөрөнгө оруулалт бөгөөд анхаарал сарниулах, саад болох зүйлсээс зайлсхийхийг шаарддаг. Хувийн сахилга бат, зохион байгуулалтаа үр дүнтэй байлгахын тулд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг эрэмбэлэх хэрэгтэй. Ингэснээр алдаа гаргасан тохиолдолд бурууг хэн нэгэнд өгөх биш алдаа дутагдлын шалтгааныг олж засаж залруулах юм. Энэ нь алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх явдал биш бөгөөд алдааг давтаж хугацаа алдахгүйгээр түүнээс суралцаж ирээдүйгээ өөрчлөхөд чухал ач холбогдолтой.

Хувийн сахилга бат, зохион байгуулалт нь таны хувийн амьдралд ч бас эерэг хандлага авчирна. Хувийн болон албаны үүргийг тэнцвэржүүлж байгаа нь байнга шалгаж үзэж байх сэдэв. Үүнийг хэрхэн тэнцвэржүүлэх вэ, тэнцвэржүүлснээр ашигтай юу, гэх мэт. Бид хувийн сахилга бат, зохион байгуулалтаа төлөвлөхдөө ажил амьдралаа тэнцвэржүүлж төлөвлөх хэрэгтэй. Жишээ нь хувийн сахилга бат, зохион байгуулалт нь хэзээ утас оролдох, цахим орчинд хэзээ байх, гэр бүлдээ хэзээ цаг зарцуулах зэргийг зохицуулж чаддаг байх. Хувийн сахилга бат, зохион байгуулалт нь ажлын байрандаа өдөр бүр орой 22:00 цаг хүртэл ажиллах биш. Албан ажлын үед хувийн сахилга бат, зохион байгуулалт нь маш гярхай байж, тухайн ажлыг зохион байгуулахад юу чухал, хэрхэн алдаа дутагдалгүй биелүүлэх вэ гэдгийг тодорхойлж байдаг юм. Үүнд тодорхой шийдэл байхгүй ч энэнд ойртож хүрэх арга барил нь хүн бүрт өөр өөр байж болно. Гэсэн хэдий ч хувийн сахилга бат, зохион байгуулалт гэдэг бол хувийн амьдралд болоод албандаа амжилттай явахын илэрхийлэл гэж боддог.