• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ҮЕДЭЭ БИЕ ДААН ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Нийтэлсэн: 2021-03-31 10:31:00
Үзсэн: 412

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ҮЕДЭЭ БИЕ ДААН ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Нийтэлсэн: 2021-03-31 10:31:00 Үзсэн: 412



 

Сүүлийн 20 шахам жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт Хүчин дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж, харийн тэнгэрт жх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулсаар байна. Монгол цэрэг харийн оронд Эх орон, элгэн саднаасаа хол цаг агаар, цагийн байдлын хүнд нөхцөлд дасан зохицож үүргээ амжилттай гүйцэтгэх нь бид л дэлхийн талыг эзэгнэж явсан эзэн Чингисийн үр хойч гэдгийн нэгэн нотолгоо гэлтэй. Ямар нэг зүйлийг дотроос нь харж, мэдэрч байж л түүний алдаа оноог нь тодорхойлдог. Тиймээс энхийг сахиулагч миний бие 3 удаагийн Энхийг сахиулах ажиллагааны туршлага, мөн өөрийн уншиж судалсан зүйлс дээрээ үндэслэн ажиллагааны хугацааг хэрхэн үр дүнтэй, өөрт ашигтайгаар өнгөрүүлж болох талаарх доорх зүйлсийг цэргийн алба хаагчидтайгаа хуваалцахыг хүслээ.

ЭДА-нд үүрэг гүйцэтгэж буй хэн нэгнээс асуумаар санагдаг нэг асуулт бий: “Та энэ ажиллагаанд ямар зорилготой ирсэн вэ?” Хариулт бол ихэнх хүмүүсийн хувьд амьдрал ахуйгаа дээшлүүлэх, бас өөрийн нийгэм болон Зэвсэгт Хүчинд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх зорилгоор гэж хариулах байх. Магадгүй цөөн тооны бүрэлдэхүүний хувьд газар үзэх, эсвэл дараа нь үр хүүхэд, хойч үедээ ярих зүйлтэй үлдэх гэх мэт нийтлэг зорилгуудтай байж болох юм. Тэгвэл миний энэхүү нийтлэлийн гол зорилго нь эрхэм энхийг сахиулагч та дараагийн нэг зорилгыг өөртөө тавьснаар ажиллагааны хугацааг хэрхэн боломж болгон харж үүнээс давхар юуг олж авч болох вэ? гэдгийг тодорхой хэдэн жишээн дээр үндэслэн танд харуулах явдал юм. Миний бодлоор дээр дурдсан тодорхой нийтлэг зорилгууд нь угтаа бол таны хайртай бүхнээсээ хол 6 сар, эсвэл 1 жил оршиж буйн үр дүн, шагнал нь юм. Тэгэхээр ЭДА-нд үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд та дээрх зүйлсийг хүссэн хүсээгүй хүртэх эрхтэй хүн болчхож байгаа юм. Товчхондоо та ажиллагааны газар оронд нэгэнт ирсэн л бол буцах зам үгүй ба дээрх зорилгууд тэр чигтээ биелэх нь гарцаагүй. Тэгэхээр нэгэнт биелэх нь тодорхой зорилгын талаар бүтэн жил бодоод суух нь мэдээж утгагүй учраас нэмэлт зорилго өвөрлөх хэрэгцээ шаардлага гарч байна гэсэн үг. /Жич: миний бичиж буй зүйлс зөвхөн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд бидэнд олддог чөлөөт цаг”-аар хийх зүйлсийн тухай гэдгийг анхаараарай./

Тэгвэл бидний зорьж, хэрэгжүүлж болох нийтлэг зүйлс юу байж болох вэ?

1. Гадаад хэл:

Таны хувьд офицер ахлагч гээд хэн байхаас үл хамааран ирээдүйд англи хэлний дамжаанд суралцах боломж гарах нь тодорхой. Харин та тэрхүү боломжид өөрийгөө хэр бэлтгэсэн байх вэ гэдэг л хамгийн чухал асуудал. Миний хувьд сүүлийн 6 жилийн хугацаанд англи хэлний багшаар ажиллаж байгаагийн хувьд нэг зүйлийг өдөр тутамдаа анзаардаг. Энэ нь юу вэ гэхлээр англи хэлний дамжаанд суралцаж буй бүрэлдэхүүн маань ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаандаа англи хэлний дамжаанд хэрэглэгдэх шинэ үгсийг цээжлээд ирсэн бол энд сурах хугацаанд ямар их хөрөнгө оруулалт байж болох вэ гэсэн “Харамсал” юм. Яагаад вэ гэхлээр англи хэлний дамжаанд өдөр тутамдаа багадаа 40 шинэ үг цээжлэх хэрэгцээ гардаг. Харин үүнийг урьдчилаад цээжилчихсэн хүн энэ дамжаанд суралцвал ачаа нь хэрхэн хөнгөлөгдөх нь ойлгомжтой байх. Харин үүнийг яаж хийх вэ? Хариулт нь их энгийн: Зэвсэгт Хүчний Гадаад Хэлний Сургалтын төвөөс эрхлэн гаргасан англи хэлний дамжааны үед хэрэглэгдэх шинэ үгийн англи монгол орчуулгатай гарын авлага бий. Үүнээс багадаа эхний 10 номын үгийг маш сайн цээжилсэн байхад л болно. Харин нэг анхаарах зүйл нь дуудлагыг анхнаас нь зөв цээжлэх ёстой бөгөөд энэ тал дээр өмнө нь дамжаанд суралцсан цэргийн багынхаа хэн нэгнээс тусламж авахад л болно. Мөн эцэст нь гадаад хэл бидний ажил амьдралд ямар чухал шаардлагатай байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй олон жишээн дээрээс харж байгаа байх.

 

2. Хувь хүний хөгжил:

Энэ нь амжилт, ололт сайн сайханд тэмүүлэгч хэн бүхний хувьд маш анхаарууштай, чухал асуудлуудын нэг юм. Энэ нь зөвхөн англи хэл болон бусад хичээлүүд биш бөгөөд мөн энэ нь таны дотоод ертөнцтэй холбоотой асуудал юм. Үүний хүрээнд өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх, бие даан суралцах, цагаа зөв зохистой ашиглах, хийж буй зүйлдээ тууштай хандах чадварт суралцах, өөрийгөө эрч хүчтэй байлгах, зэрэг чадваруудыг өөртөө давуу тал болгон бий болгох, нэмэгдүүлэх талаарх мэдлэг мэдээлэл, ур чадваруудыг суралцах боломжтой ба Энэ нь үндсэндээ НОМ УНШИХ болж таарна. Хэрвээ та ном унших тийм ч дуртай биш бол интернет эх сурвалжаас хувь хүний хөгжлийн талаарх мэдлэг мэдээллийг олж авах бүрэн боломжтой гэдгээ мартуузай. Өөрийгөө нэг шат ахиулах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү хувь хүний хөгжлийн талаарх зүйлс нь ус агаар мэт чухал гэдгийг онцлохыг хүсэж байна.

3. Өөрийн хүсдэг, сонирхдог зүйлс дээрээ ажиллах:

Хүн бүхэнд л өөрийн хүсдэг, сонирхдог, өөрийн хобби гэж хэлж болох зүйлс бий. Харин ЭДА-нд үүрэг гүйцэтгэх хугацаа нь бидэнд энэхүү өөрийн сонирхлоо хөгжүүлэх, цаашлаад мэргэжлийн түвшинд хүргэхэд хамгийн тохиромжтой үе гэдгийн онцолмоор байна. Таны сонирхол бялдаржуулах урлагаар хичээллэх, хөгжмийн зэмсгүүд тоглож сурах, эсвэл гар урлал, гээд юу ч байж болох ба хамгийн чухал нь тэдгээр нь юу ч байлаа гэсэн энэ хугацаанд хангалттай сайжруулах боломж бий гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мөн хүн гэдэг сонирхолтой зүйлдээ цуцалтгүй, шаргуу ажиллаж чаддаг ба үүгээрээ маш том амжилт гаргах боломж бусад зүйлстэй харьцуулахад хувь илүү гэдгийг хэлмээр байна.

Таны хийхийг хүсэж буй зүйл нь дээр дурдсанаас аль нь ч байлаа, бүр эсвэл тэс өөр зүйл байсан ч гэсэн ЭДА-ны хугацаанд тухайн зүйл дээрээ төвлөрч ажилласнаар бидний хамгийн их хүсэн хүлээдэг эх оронруугаа нисэх хугацааг бидэнд гайхалтай хурдан авч ирнэ гэдгийг сануулахыг хүсэж байна.

Зорилгоо амжилттай биелүүлэхэд танд тус болж болох нэгэн зүйл:

Хамгийн түрүүнд та ажиллагааны бэлтгэлд гарах үедээ ажиллагааны зорилгуудаа тодорхойлоорой. Гэхдээ тэдгээр зорилгууд тань ажиллагааны бэлтгэлээс буух үед мөн ажиллагааны газар оронд ирсэн эхний хэд хоногт, ингээд үндсэндээ 2 удаа багахан өөрчлөгдөж болох ба үүний дараа та зорилгоо хэрхэн төлөвлөгөө болгон буулгах вэ гэдгээ олж мэднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл албан тушаал, орчин нөхцөл, гүйцэтгэх үүрэг болон хувийн цагаа тооцоолж мэдсэний үндсэн дээр өөрт төгс тохирох төлөвлөгөөг олж чадна гэсэн үг. Харин түүнээс хойш ажиллагаа дуусах хүртэл тэрхүү зорилгууддаа тууштай байж өдөр бүрийн үйлдлээ тухайн зорилготойгоо уялдуулснаар та өөрчлөлтийг хийж амжилтын эзэн болох боломжтой.

Та бүхний энхийг сахиулах ариун үйлс тань гэгээн байж ,хийж бүтээх хүсэл мөрөөдөл тань хязгааргүй байх болтугай.

 

Ахлах ахлагч Ц.Батболд