• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭХ ОРНОО ГЭСЭН АГУУ ХАЙР СЭТГЭЛИЙН ЧАНАДААС АЯНДАА АСГАРДАГ
Нийтэлсэн: 2021-03-04 09:00:19
Үзсэн: 83

ЭХ ОРНОО ГЭСЭН АГУУ ХАЙР СЭТГЭЛИЙН ЧАНАДААС АЯНДАА АСГАРДАГ
Нийтэлсэн: 2021-03-04 09:00:19 Үзсэн: 83



Зэвсэгт хүчин хэмээх их айлд “бүл нэмж”, эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хааж яваа мөрдэс гоёсон цэргийн бүсгүйчүүдийн төлөөлөл болох Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хорооны удирдах байрын тасгийн дарга, ахлах ахлагч М.ЦОЛМОНТОЙ ярилцлаа.

Юуны өмнө Танд удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа. Мөрдэс нэгт нийт сайхан бүсгүйчүүддээ баярын мэндийг дэвшүүлье. Мөн сониныхоо ярилцлагын хойморт урьж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй, тэр тусмаа мөрдэс гоёсон цэргийн бүсгүйчүүдтэй баярын энэ үеэр уулзуулж байгаа танай хамт олонд баярлалаа.

Таныг уншигчдадаа танилцуулахаас ярилцлагаа эхэлье ...

-Би 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Моононхүүгийнх хэмээх эгэл жирийн айлын ууган охин. Мэдээж ижий аавынхаа гар дээр өсөж торниод, 1995 онд аймгийнхаа 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Тэгээд 1997 оны 9 дүгээр сард Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн радио чимээний дамжаанд суралцаж төгсөөд тус ангидаа радиотелеграфчинаар ажлын гараагаа эхэлж байлаа.

Зэвсэгт хүчинд алба хаах хөшүүрэг нь юу байсан бэ?

-Тухайн үед цэргийн дүрэмт хувцастай ах эгч нар маш гоё харагддаг байлаа. Цаанаа л нэг тийм бахархмаар. Тэгээд 10 дугаар ангиа дүүргээд сэтгэлийн дуудлага, эрс шийдвэрээр цэргийн хүн болох шангаа татаж дээр дурдсанчлан дамжаанд суралцаж, Зэвсэгт хүчний халуун ам бүлд багтсан.

Цэргийн бүсгүй байхын сайхан бөгөөд хүнд хэцүү нь юунд оршдог гэж та тодорхойлох вэ?

-Хүнд хэцүү гэхээсээ баярлаж бахархмаар, омогшиж онгирмоор чанар их. Аливаа хэцүү бэрхийг даван туулах сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, шантаршгүй зориг, ажлын гүйцэтгэл, амьдралаа дэнслэн авч явах арга ухаан, хувийн зохион байгуулалт гээд дурдаад байвал бусдаас ялгарах чухал чанар олон. Угаасаа Зэвсэгт хүчин ингээд сургачихдаг гэж ч хэлж болно. Гэрийн сайн эзэгтэй, сайн ээж байхыг хичээдэг боловч тэр бүр төгс байж чаддаггүй нь цэргийн бүсгүйчүүдийн дутагдалтай тал гэж өөлж болох юм.

Яагаад ч юм танаас халирч шантарч байсан уу гэж асуух илүүц санагдаад явчихлаа. Ярианаас тань нэг тийм эрч хүч мэдрэгдээд ...

-Тийм гэж үү, баярлалаа. Надад шантарч явсан үе олон бий. Гэсэн ч ухрах тухай огт бодож байгаагүй.

Тухайлбал ...

-Цэргийн хүний хувьд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгат дайчдын эгнээнд элсчих юм сан гэсэн мөрөөдлийг би цөөнгүй жил тээсэн юм. Тэрхүү хүсэлдээ хөтлөгдөн 2014 онд энхийг сахиулах үйлсэд оролцохоор шийдэв. Тэгээд олон аав ээжийн охид хөвгүүдтэй сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд бэлтгэлд гарлаа. Ажиллагааны өмнөх бэлтгэл амар байгаагүй, 10 км-ийн гүйлт, 30 км-ийн явган марш бас л чанга шүү. Зүгээр нэг сул алхалт бишийг манайхан сайн мэднэ. Тэр үед л шантарч байлаа. Ерөөсөө буцъя, мөрөөрөө ажлаа хийе гэсэн бодол эрхгүй төрсөн. Тэр үед урмын үг ямар их хүч тэнхээ, зориг тэвчээр, өөртөө итгэх итгэл өгдгийг хамгийн ихээр ойлгосон.

Хамгийн хүчтэй зэвсэг бол үг гэдэг дээ?

-Яг тийм, амины нэг найзынхаа “Чи л чадахгүй бол өөр хэн чадах вэ” гэсэн үгнээс маш их итгэл, хариуцлагыг мэдэрсэн. Тиймдээ ч өөрийгөө зоригжуулан бэрхшээлийн ард гарч, энхийг сахиулагчдын жагсаалд нэгдэж чадсандаа баярлаж, бахархах сэтгэл төрдөг. БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд хоёр удаа буюу дөрөв, есдүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн. Энэ дашрамд хоёр багийнхаа удирдлагууд, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Мөн үе үеийн цэнхэр дуулгат бүсгүйчүүддээ, тэр тусмаа мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, амьдралын гэгээн бүхнийг хүсэхэд таатай байна. Цэргийн бүсгүйчүүд бид чинь бусдад тэсвэр хатуужлын оргил мэт ойлгогддог ч эмэгтэй хүмүүс л юм хойно хүний газар очоод хайртай гэр бүл, ижий аав, үр хүүхдээ их санана, зовлон жаргалаа хуваалцана, сүүлдээ бидний ярьдаг сэдэв ердөө хүүхэд болчихдог. Үрсийнхээ тухай ярилцаад уйлна, инээлдэнэ ер нь хөгтэй зүйл их болно оо.

Яг тэгдэг шүү. Дээр нь ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн хүний эх орноо хайрлах сэтгэл, харах өнцөг их өөрчлөгддөг юм билээ ...

-Тэгэлгүй яах вэ, эх орныхоо үнэ цэнийг чинээнд нь тултал мэдэрдэг. Өөрийн эрхгүй ямар их хувь зохиолоор монгол хүн болж төрсөн юм бэ, ямар их аз ивээлээр ийм тансаг эх орны эзэн заяанд төрөв өө гэж бодогддог. Тэр хэрээр эх орноо гэсэн хайр сэтгэлийн чандаас аяндаа асгардаг.

Таны бахархал юу вэ?

-Эх орон, ээж аав, гэр бүл минь.

Таныг залуу хойч үеэ сурган дадлагажуулахад зүтгэлтэй ажилладгийг мэдэх юм...

-Ажлын дадлага туршлага, арга барил, мэддэг чаддагаасаа бага гэлтгүй аль болох бусадтай хуваалцахыг хичээдэг. Дөнгөж ажлын талбарт хөл тавьж байгаа залууст сурч мэдсэн зүйлээсээ хэлж заагаад өгчих юм сан гэсэн сэтгэлээр ханддаг. Өөрөө ч ахмад үеэсээ суралцаж, тэднээсээ үлгэрлэж ажилдаа хөлөө олж байлаа. Залуу үеийнхнийгээ сургаж бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулах ёстой гэж ойлгодог. Миний удирдлагад ажилладаг радиотелеграфчин дэд ахлагч А.Цолмон, Б.Өлзийбуян, Ц.Гантогтох, М.Ариунтуяа, Э.Цэрэнлхам гээд залуус маань нэг талаасаа шавь нар минь юм.

Ажил мэргэжлийнхээ онцлогийг тодотгооч?

-Эх орныхоо агаарын дархан хилийг манана гэдэг бидний мэргэжлийн онцлог. Бидний хамгийн том бахархал.

Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Зөв бодолтой, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байхыг гол зарчмаа болгодог. Зөв бодол өөрөө зөв бүхний эхлэл байдаг.

Шүүмжлэлтэй ханддаг зүйл тань юу вэ?

-Цэргийн дүрэмт хувцсыг, ялангуяа эрээн хүрмийг хэн дуртай нь ажлын хувцас шиг өмсдөг. Үүнд маш шүүмжлэлтэй ханддаг. Энэ бол төрийн хувцас. Бид ч ажлын бус цагаар өмсөөд гадуур холхиод байдаггүй биз дээ.

Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе. Уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Эх орноо батлан хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж, залуу халуун нас, сэтгэл оюунаа зориулсан Зэвсэгт хүчнээр овоглогдсон бүх хүмүүст Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахмад Д.МЭНДБАЯР

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423