
НҮБ-ын “UNMISS” ажиллагааны веб сайтад Монгол цэргүүдийн тухай нийтлэл хэвлэгджээ. Нийтлэлд өгүүлснээр НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинакар БНӨСУ-д явагдаж байгаа тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг болон бусад орны цэргийн багуудын баазад ажиллаж, ажиллагааны газар орны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Энэ үеэр БНӨСУ-ын Юнити мужийн Маяомын захирагч Гадит Мадут “Өнгөрсөн 2020 онд омгууд хоорондын зөрчил, мөргөлдөөн ширүүссэн. Үүний улмаас жирийн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох, амьдралын гол эх үүсвэр болсон үхрээ алдсан. Гэсэн ч үүнээс илүү ихээр учирч болох эрсдэлийг "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид бууруулж чадсан. Ялангуяа, Монгол Улсын энхийг сахиулагчид Маяомын газар нутагт гарсан мөргөлдөөнийг намжааж, тогтвортой байдлыг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Монгол Улсын энхийг сахиулагч дайчид эрсдэлтэй энэхүү газар оронд энэ оны нэгдүгээр сард түр бааз байгуулан, мөргөлдөөнийг багасгах, цаашид үүсэж болох аюулаас урьдчилан сэргийлж ажилласан. Ердөө хэдхэн долоо хоногийн дотор аюулгүй болгож чадсанд бид үнэхээр их баяртай байна. Өнөөдөр манай ард иргэд айх аюулгүй гэрээсээ гарч чаддаг болсон” гэж мэдээлэл өгсөн байна.
Дэслэгч генерал Шайлеш Тинакар цагийн байдлыг богино хугацаандаа анхааралдаа авч, асуудлыг шийдвэрлэсэн Монгол Улсын энхийг сахиулагчдад талархал илэрхийлээд, сонор сэрэмж, ур чадвар, үүрэг гүйцэтгэлт, зохион байгуулалтаараа шалгарсан Монголын дайчдад үргэлж итгэдэг хэмээн онцлон дурдсан байна.
Мөн тэрээр тус нутгийн иргэдэд эмнэлгийн боолт, хэрэгсэл гардуулан өгч, омог хоорондын итгэлцлийг бэхжүүлж, хүчирхийлэлгүй, тайван замаар асуудлыг шийдвэрлэхийн төлөө орон нутгийн удирдлагыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэжээ.