Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдана. 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа уг сургууль 2011 он хүртэл “Дархан” нэрийн дор явагддаг байсан юм. 2018 онд ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан бол 2019 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай зохион байгуулагдсан юм.
“Сэлэнгэ-2019” сургуулийн Монгол талын удирдагч, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.АМГАЛАНБААТАР:
-Сургууль өмнөө тавьсан зорилтоо 100 хувь биелүүллээ. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хоёр орны Зэвсэгт хүчний анги, салбаруудын гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, хууль бус үйлдэлтэй тэмцэх төлөвлөгөө боловсруулснаараа онцлог байлаа. Монголын талаас хүч нэмэгдүүлсэн батальон, ОХУ-ын талаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож орон нутгийн байлдаанд ашиглагдсан зарим элементийг амжилттай туршлаа. Мөн сургуулийн үеэр Халхын голын районд хоёр улсын хамтарсан хайгуулын бүлэг Зөвлөлтийн 17 дайчны шарилыг олж, хүндэтгэлтэйгээр оршуулсан. Хамтарсан сургуулийг амжилттай зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан цэргийн алба хаагчдадаа баярлалаа.
“Сэлэнгэ-2019” сургуулийн ОХУ-ын талын удирдагч, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.НОСУЛЕВ:
-Энэ сургуулиар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид учирсан аюул заналхийллээс өөрсдийгөө авран хамгаалах чадвартай гэдгээ нотлон харууллаа. Бид энэ удаагийн сургуулиар Халхын голын байлдааны үеийн цагийн байдлуудыг ашиглаж, дөхүүлсэн хэлбэрээр нь амжилттай явууллаа. Ялангуяа, Халхын голын байлдаанд цэргийн нисэх хүчин онцгой үүрэгтэй ажилласан гэдэг утгаар нь ОХУ-аас цэргийн нисэх онгоцнуудыг энэ сургуульд түлхүү оролцуулсан. Хоёр орны цэргийн алба хаагчид уг сургуулиар олон талын мэдлэгтэй болж, ур чадвараа улам ахиулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд, Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагад гүн талархал илэрхийлье. Монголын хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидыг маань дурсан санаж, хүндэтгэл үзүүлж байгаа явдалд баярлалаа” гэв.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж уг сургуулийн хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэх болон бэлэн байдлын чадвараа дээшлүүлдгийг дурдаад, ОХУ-ын нисэх хүчнийхэнд онцгойлон талархал илэрхийлсэн бол Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн түүхт ялалтын хүрээнд орон нутагт нь томоохон сургууль явуулж, цэрэг дайчдаараа бахархах боломж олгосонд баярлалаа гэсэн юм. Энэхүү сургуулийг үзэхээр ирсэн олон хүндтэй зочдын нэг нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Яринпилийн Өсөх байв. Тэрээр 1924 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн бөгөөд 1939 оны Халхын голын байлдааны үед 15 настай байж. Гэсэн ч буун дуугаар биеэ оторлоод сууж чадалгүй сум орон нутгаасаа агт цуглуулан дайны арын фронтод хүргэж өгдөг байсан гэнэ. Тэрээр дайн гэдэг хүсэх юм биш. Яг л “Сэлэнгэ” сургуулийн үеийн энэхүү буудлага шиг аюултай орчин байсан сан хэмээн сэтгүүлчдэд ярилцлагадаа дурдсан юм.
