
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагтай тактикийн хээрийн сургууль Дорнодын их талд амжилттай өрнөж байна. Жилээс жилд оролцогчдынхоо хүрээг тэлсэн эл сургууль хоёр орны цэрэг дайчдад мэргэжлийн дадлага туршлагаа хуваалцаж, харилцан бие, биеэсээ суралцах өргөн боломжийг бүрдүүлдэгийн зэрэгцээ, хоёр орны түүх соёл, зан заншил, өв уламжлалын талаар мэдээлэл солилцох, танин мэдэх гарцыг ч бий болгодог билээ.

Энэ жилийн хамтарсан сургууль Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд эртнээс нааш ах дүүгийн найрсаг харилцаатай хоёр хөршийн мөрдэс нэгт дайчид өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяа, агуу их ялалтаар бахархан омогшиж, энэхүү агуу их ялалттай холбоотой мэдээ мэдээлэл солилцох, түүхэн баримтад кино, нэвтрүүлгүүд үзэх зэргээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна.

Үүний зэрэгцээ өнөөдөр уламжлалт бэсрэг наадам зохион байгуулж үйлс, зорилго нэгт нөхөддөө үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуйгаа сурталчилан таниулсан юм. “Монголын соёлын өдөрлөг” тодотголтой тус наадамд хүчит 48 бөх зодоглож, 30 гаруй хурдан шандаст хүлэг тоосоо өргөн, 20 гаруй эрхий мэргэн харваач хараа цэцээ сорьсон юм.

