• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАТАГТАЙ ХИЛДА ЖОНСОН: БИ ИЛТГЭХ ХУУДАС АЛБАН ЁСООР ИЛГЭЭХ БОЛНО...
Нийтэлсэн: 2014-07-07 15:46:20
Үзсэн: 107

ХАТАГТАЙ ХИЛДА ЖОНСОН: БИ ИЛТГЭХ ХУУДАС АЛБАН ЁСООР ИЛГЭЭХ БОЛНО...
Нийтэлсэн: 2014-07-07 15:46:20 Үзсэн: 107



Мотобуудлагын батальоны штабын өмнөх цардмал талбайд хүндэт харуулын бүрэлдэхүүн жигдрэн жагсжээ.Үлээвэр хөгжмийн аялгуунд НҮБ-ын сүлд дуулал болон Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. Хүндэт харуулын дарга хошууч А.Төгс-Эрдэний барьсан сэлмэнд нарны хурц гэрэл ойн нүд гялбуулна. Сүрлэг агаад нам гүм торгон мөчүүд үргэжилсээр...

      Хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Мотобуудлагын III ээлжийн батальоны бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр даруй 7 сар өнгөрөөд байгаа билээ. Тэгвэл тус өдөр батальоны үйл ажиллагаа, хариуцлагын бүс дэх цагийн байдалтай газар орон дээр биечлэн танилцах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын UNMISS ажиллагааг хариуцсан тусгай төлөөлөгч хатагтай Хилда Жонсон айчлан ирж буйнь энэ байлаа.

      Хатагтай Хилда Жонсон хэдийгээр өмнө нь хэд хэдэн удаа Юнити мужийн Бентью хотод байрлаж буй тус батальон болон орон гэрээсээ дайжсан хүмүүсийн бодит нөхцөл байдалтай танилцах зорилго төлөвлөгөөтэй байсан  боловч цагийн байдлын өөрчлөлтийн улмаас тус айчлалууд тухай бүр тодорхойгүй хугацаагаар хойшилж байсан юм.

     Айлчлалын үеэр хатагтай Хилда Жонсон хэлсэн үгэндээ: “Эрхэм хурандаа таньд болон танай батальоны мэргэжлийн чадварлаг энхийг сахиулагчдад юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга болон хувиасаа талархал илэрхийлье. Танай батальоны хамт олон ажиллагааны газар оронд ирээд 14 хоног бололгүй цагийн байдлын хүнд нөхцөлд ажиллаж эхэлснийг би тод санаж байна. Гэвч танай хамт олон үүргээ маш сайн гүйцэтгэж Өмнөд Суданд НҮБ-ын Мандатаар заагдсан Энгийн иргэдийг хамгаалах-/Protect of Civilians/үндсэн үүрэг болох энгийн номхон иргэдийн амь нас, хүний эрх, эрх чөлөөний төлөө бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд чадварлаг гүйцэтгэсээр байгаа явдалд дахин талархал илэрхийлье. Та бүхний үүрэггүйцэтгэлтийн талаар зөвхөн Өмнөд Суданы ажиллагааны удирдлага төдийгүй НҮБ-ын удирдлага өндрөөр үнэлж байгааг дуулгахад таатай байна. Мандатаар заагдсан үүргийн хүрээнд 12 дугаар сарын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн хүнд өдрүүдэд та бүхэн энхийг сахиулагч хүний хийх ёстой үүргээ чадварлаг гүйцэтгэж 7500 гаруй орон гэрээсээ дайжсан иргэдийн аюулгүй байдлыг ханган лагерьлалт зохион байгуулж байсан бол өдгөө энэ тоо 39000 хүн болж тэдний  аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, байрлалтын үеийн инженерийн ажлыг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд мадаггүй гүйцэтгэж, усны хангалт болон бусад хүний амьдрах анхан шатны бүх хэрэгцээг хангахын төлөө ажилласаар байгааг тэмдэглэхэд таатай байна. Тус батальоны энхийг сахиулагчид НҮБ болон хүмүүнлэгийн байгууллагуудын ажилчид, гадаадын иргэд, орон нутгийн энгийн номхон олон хүмүүсийг зэвсэгт мөргөлдөөний хөлөөс татан гаргаснаас гадна баазуудад байрлаж буй орон гэрээсээ дайжсан хүмүүст өгөх 400.000 тонн хүнсийг дэлхийн хүнсний хөтөлбөрийн агуулахаас богино хугацаанд амжилттай татан авч, түгээх хүмүүнлэгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлснийг дурсахгүй байхын аргагүй юм.

     Мөн танай I шатны эмнэлгийн бүрэлдэхүүн халдлагад өртсөн шархтнууд, онгоцны осолд орсон хүмүүс, минийн аюулд өртсөн цэргүүд мөн эмнэлгийн тусламж хүссэн энгийн иргэд, шинэ хүүхэд мэндлэх зэрэгт цаг алдалгүй шуурхай тусламжийг өдөр, шөнө ялгалгүй мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байсан билээ, одоо мөн борооны улирлын үед зам харгуй маш хүнд нөхцөлд хүмүүнлэгийн цувааны хамгаалалтыг амжилттай цаг хугацаанд  зохион байгуулж байгаа гэх мэт олон жишээг тодотгон хэлэхийг хүсэж байна. Удахгүй та бүхний ажиллагааны үүрэг гүйцэтгэх хугацаа дуусч нутаг буцах болно. Та бүхний халааг авах дараагийн батальоны дайчид мөн ялгаагүй чадварлаг энхийг сахиулагчид ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.  Би өмнөх ээлжүүдийн үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун явдгаа Монгол Улсын ерөнхийлөгч энэ оронд айлчлан ирэх үед нь илэрхийлж байсан. Одоо би төв штабтаа очоод НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон танай улсын ерөнхийлөгчид та бүхний чадварлаг үүрэг гүйцэтгэлтийн тухай илтгэх хуудас албан ёсоор илгээх болно. Баярлалаа та бүхэнд” хэмээн бахдан өгүүлж байлаа.

     НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын UNMISS ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч хатагтай Хилда Жонсонны үүрэг гүйцэтгэх томилолтын хугацаа ирэх сарын эхээр дуусаж байгаа болно. 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423