Хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Мотобуудлагын III ээлжийн батальоны бие бүрэлдэхүүн хувьд өнгөрч буй 07 дугаар сар үнэхээр сэтгэлд хоногшиж, зурагт мөнхөрсөн гайхам сайхан үйл явдлаар дүүрэн байлаа.
2014оны 07 дугаар сарын 10-ны Монгол Улсын төрийн далбааны өдөр, 3МББ-ны эвсэг, гар нийлэмжтэй, эрч хүчтэй, энхийг сахиулагчдын маань НҮБ-ын медаль гардан авах ёслолын ажиллагаа Бентью хот дахь НҮБ-ын баазад болсон юм.

Батальоны медаль парадын ажиллагаанд UNMISS хүчний командлагчийн орлогч бригадын генерал Рамиш Кумар Пан, Хүчний штабын J-2 дарга дэд хурандаа Матхаэз Вогт, J-6 дарга дэд хурандаа Г.Болор, Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж буй J штабын офицерууд, Юнити мужийн зохицуулагч хатагтай Мэри Каммис, ахлах холбогч офицер хурандаа Саймон Ленира нар болон Бентью хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын төлөөлөл, хүмүүнлэгийн бусад байгууллагын зочид төлөөлөгчид оролцлоо.

Зочид төлөөлөгчидөд батальоны дайчид ардын язгуур урлаг, морин хуур, Монгол үндэстэний уран сайхан бүжгийн дээжээсээ өргөн барьсан нь ирсэн гийчдэд морьтон ардын гайхамшигтай агуу өв соёлыг гайхуулсан юм.


Мөн хошууч А.Төгс-Эрдэнэ захирагчтай 1мбр-ын дайчидын “Жагсаалын үзүүлэх тоглолт”, Хуягт тээвэрлэгчийн ротын ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ захирагчтай тасгийн “Гардан тулааны үзүүлэх тоглолт”, ахлах ахлагч Э.Ганбаяр удирдаачтай хамтлагийн “Үлээвэр хөгжмийн үзүүлэх тоглолт” зэргийг үзүүлж сонирхуулсан нь зочид төлөөлөгчдийг үе үе суудалаасаа өндийж уулга алдахад хүргэж байсан юм. Тус өдрийн үдэш батальоны дайчид маань шинэхэн барьсан хооллох асартаа үдэшлэг, цэнгүүнийг ажиллагааг зохион байгуулсан юм. Бидний үдэшлэгийн ажиллагаанд UNMISS ажиллагааны J-6 хэлтсийн дарга дэд хурандаа Г.Болор болон Монгол Улсаас тус ажиллагааны J штабт үүрэг гүйцэтгэж байгаа штабын офицерууд оролцлоо.


UNMISS ажиллагааны J-6 хэлтсийн дарга дэд хурандаа Г.Болор: Танай залуус үүргээ ч үлгэр жишээ гүйцэтгэдэг, баяраа ч чадварлаг зохион байгуулдаг юм байна. Бид баяр наадмын энэ л өдрүүдэд та бүхэнтэйгээ байх гэж битүүхэн дотроо зорин зорин ирсэн. Үнэхээр сайхан байна хэмээн өгүүлж байлаа.
Улмаар Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам 07 дугаар сарын 11-ны өдрийн морин цагт Бентью хотын НҮБ-ын баазад ёслол төгөлдөр эхэлсэн юм.
Идэр чийрэг бөхчүүд бяр мэхээрээ өрсөлдөж, эрхий мэргэн харваачид хараа цэцээ сорьж, эрмэг шандаст хүлгүүд хүч гайхуулсан дэлхийд хосгүй Монгол наадмаа алс холын Африк тивийн газар нутаг дээр тэмдэглэж байгаа батальоны дайчид бид хүчит 64 бөх барилдуулж, гийнгоо хадаан шагай хаяж хурдан морио зүйрлэн уралдуулсан юм. Хэдийгээр бидэнд хасаа, нум, сум байхгүй ч J штабт үүрэг гүйцэтгэж байгаа штабын офицерууд маань санаачлан дартсын тэмцээнийг зохион байгуулж явуулсан юм.

Үндэсний хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бөх сумын заан Д.Сүхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторийн бөх сумын заан Т.Шинэбаатар үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн залуу бөх М.Батпүрэв, Булган аймгийн Сайхан сумын харьяат Хилийн 0286 дугаар ангийн залуу бөх У.Бат-Орших нар шөвгөрөн энхийг сахиулагч дайчид, ирсэн зочид гийчдээ баясгалаа.

Мөн 07 дугаар сарын 18-ны өдөр UNMISS ажиллагааны цэргийн хүчний командлагчаар томилогдсон Этиоп улсын армийн дэслэгч генерал Иоханес Гебремескел Тесфамариам Бентью хот дахь НҮБ-ын баазад айлчилахад батальоны хүндэт харуул жагсан хүлээж авсан юм.
Улмаар айлчиллын үед хүчний командлагч болон дагалдан яваа хүндэт зочдыг Монгол ёс заншилаар угтан авч, батальоны үүрэг гүйцэтгэлт, үйл ажиллагааны танилцуулга хийн Бентью дахь НҮБ-ын бааз, орон гэрээсээ дайжсан иргэдийн лагериудын байр байдалтай танилцуулж Бентью хотод ажиллах, орон нутгийн удирдлагатай уулзалт хийх үеийн хамгаалалтыг зохион байгууллаа.