БНӨСУ-д НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын III мотобуудлагын батальоны алба хаагчид Зэвсэгт Хүчний болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг сурталчилах ажлын төлөвлөгөөний дагуу цэргийн гавъяаны улаан тугийн одонт зэвсэгт хүчний 256 дугаар анги сурталчилах ажиллагааг амжилттай зохион байгуулж явууллаа. Тус ангийнхан анги байгууллага сурталчилах аяны хүрээнд зохиогдох тэмцээн уралдаанд оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулах шагналын сангаа 256 ам.доллар болгосон нь онцлог байв.
Үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, үүрэг гүйцэтгэх идэвхи сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор аяны хүрээнд “100 буудалт даам”, “Алтан хонх”, “Центавр” зэрэг хүмүүсийн мэдлэг, оюун ухааныг сорьсон хөгжөөнт, цэнгээнт уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж явууллаа.
Уг тэмцээн уралдаануудад бие бүрэлдэхүүн идэвхитэй оролцож байсан ба “100 буудалт даам”-ны аварга шалгаруулах тэмцээнд батальоны III МБР-ын ахлагч Ч.Баатартогтох “Тэргүүн” байр, Байлдааны хангалтын рот дэд ахлагч Ц.Батжаргал “Дэд”, Штаб ахлах ахлагч Б. Мөнхбаатар “Гутгаар” байрыг тус тус эзэллээ.
Мөн арга хэмжээний хүрээнд явагдсан оюун ухаан сорих “Алтан хонх” тэмцээнд Хуягт тээвэрлэгчийн рот дэд ахлагч Л. Содхүү -“Тэргүүн байр”-ны эзэн болсон юм.
Улмаар танин мэдэхүйн цэнгээнт “Центавр” тэмцээнийг зохион байгуулж явуулсанаас ахмад Ц.Эрдэнэбаяр /ЗХ-ний 350 дугаар ангийн холбооны албаны дарга дэд хурандаа/, ахлах дэслэгч О.Эрдэнэхишиг /ЭЦГ-ын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч/, ахлах дэслэгч Д.Сугар /ЗХ-ний 124 дүгээр ангийн РЭТ-ийн тасгийн мэдээ боловсруулагч, хошууч/ сургагч ахлагч Х. Гантөмөр /ЗХ-ний 330 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч/ нарын штабын баг - “Тэргүүн” байр, дэд ахлагч Б.Батболд, ахлагч А. Жалбаа, ахлагч Ц.Үүрийнцолмон, дэд ахлагч Б.Ариунжаргал нарын хуягт тээвэрлэгчийн ротын баг-“Дэд” байранд тус тус шалгарлаа.
Тухайн өдрүүдэд тус ангийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймаг, Орхоны хөндийн байгалийн үзэсгэлэнт газрууд, цэргийн гавъяаны улаан тугийн одонт зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танилцуулга, 90 жилийн ойн баримтат кино зэргийг үзүүлэн, “Онч мэргэн” үгсийг хэвлэн тараах зэрэг ажлыг зохион байгуулсан юм.
Мөн ахмад С.Тэмүүлэнзаяа /ЗХ-ний 256 дугаар ангийн артиллерийн тагнуулын дарга, хошууч/ “Энхийн салхи” нэртэй тус батальоны үүрэг гүйцэтгэлийг өгүүлсэн дууны шүлэг бичиж, ахлагч Г.Эрдэнэбат /Хилийн цэргийн 0168 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч / ая хийж, дэд ахлагч Г.Эрдэнэбаатар / Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын дуучин, ахлагч / хамт олны хүртээл болгосон нь гурван хүчний байгууллагын бүрэлдэхүүн сэтгэл, зүтгэл шингэсэн сайхан бүтээл боллоо.
Энхийн салхи
Амар тайван амьдралын төлөө
Алаг дэлхийн ирээдүйн төлөө
Алтан соёмботой тугаа өргөж
Африк тивийг бид зорьсон юм
Дх:
Долоон бурхандаа сүүгээ өргөсөн
Доголон нулимстай ижий минь үлдсэн юм
Хонгор чи минь, цээжинд минь эрхэлж
Хайрын үгээ шивнэж үлдсэн юм
Гариг ертөнцийн өвөрт орших
Галтай, нартай Африкт буухад
Үхэл, амьдрал шороо шиг үнэгүйдсэн
Үймэрсэн олон зүүгдэж угтсан юм
Дх:
Цэнхэр дуулгатан Монгол цэргүүд
Энхийн салхийг дагуулж ирсэн юм
Энхийн тэр салхины илбээ нь
Эрдэнэт хүмүүний амийг аварсан
Дх:
