Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудад суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн бэлтгэл сургалтанд хамрагдан цэргийн алба хаах боломжийг олгож буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Энэхүү хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хуралд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БХЯ-ны “Оюутан-цэрэг” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч, профессор Г.Мягмаржав, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Г.Эрхэмбулган, МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 40 тоот тогтоол гаргаж, энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалахын болон БШУ-ны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болсон.
Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын ангийн, эрэгтэй, 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн оюутнуудыг сайн дурын үндсэн дээр хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийн дагуу “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг /2 кредит, 96 цаг/ сонгон суралцуулж, сургалтын агуулгад нь тусгаж, их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Дээрх шаардлагыг хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад /12 кредит, 560 цаг/ хамруулж, дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, хугацаат цэргийн албыг хаасанд тооцно.
Хөтөлбөрт хамрагдах оюутнууд эн тэргүүнд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, цэргийн ерөнхий бэлтгэлийн хоёр кредитийн төлбөр болох 76 мянган төгрөгийг төлж, сонгон суралцах юм. Үүний дараа орон нутгийн Цэргийн хэлтэст өөрөө өргөдөл гаргаж бүртгүүлээд цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр сар цэргийн тусгай бэлтгэл хийнэ. Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмшинэ.
Мөн гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болно.