БХЯ, ЗХЖШ, JCI байгууллага, Сингапурын боловсролын групп хамтран “Онц цэрэг” төслийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хэрэгжүүлэх нээлтийн ажиллагаанд БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын Удирдлага, холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар, олон улсын JCI байгууллагын ерөнхийлөгч Д.Ганхуяг, Сингапурын боловсролын группын захирал Б.Заяа нар оролцлоо.

JCI байгууллага болон Сингапурын боловсролын группын залуус нэгдэж, өөрсдийн санаачилгаар тус төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Зэвсэгт хүчний 100 цэргийн алба хаагчид гадаад хэл, компьютерийн мэдлэг, хувь хүний хөгжлийн боловсрол зэрэг хичээлийг заах арга зүйн өндөр түвшинд явуулахаар болжээ.
Хурандаа Г.Сайханбаяр энэ үеэр “БХЯ-наас баримталж буй гол бодлогуудын нэг бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний боловсролын түвшинг нэмэгдүүлэхэд оршдог. Тиймээс ч нийт бүрэлдэхүүнийхээ боловсролын түвшингээр тэргүүлэгч салбарт тооцогддог. Энэ үзүүлэлтэд бодитоор нөлөөлөх нэгэн завшаан өнөөдөр бид бүхэнд олдлоо. Тиймээс тус хоёр байгууллагад Батлан хамгаалах салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Залуусын нэгдэж эхлүүлсэн үйлс Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас эхэлж байгаад баяртай байна. Цаашдаа олон анги, салбаруудад тус төслийг үргэлжлүүлэх чиглэл баримталж ажиллана” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.
“JCI Монгол” байгууллагын ерөнхийлөгч Д.Ганхуяг “Улс орны хөгжлийн төлөө нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор манай байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ зорилгын хүрээнд “Онц цэрэг” төсөл хэрэгжиж байна. Эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тэргүүн эгнээнд зогсож байдаг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний мэдлэг, оюунд өчүүхэн ч болов хувь нэмэр оруулах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Тус төсөл нь хэд хэдэн үе шатаас бүрдэж байгаа. Эхний ээлжинд Сингапурын боловсролын групптэй хамтарч англи хэлний мэдлэг олгохоор болоод байна. Дараа нь компьютерийн сургалтыг тусгай үе шаттайгаар явуулах болно. Мөн манай улсын нэр бүхий мэргэжлийн лекторуудыг оролцуулж, хувь хүний хөгжлийн лекцийг зохион байгуулна” гэсэн юм.
JCI байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс сайн дураар нэгдэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагдаад 100 гаруй жил болсон, дэлхийн 120 оронд 200 гаруй мянган гишүүдтэй. Манай улсад 1994 онд байгуулагдсанаас хойш хөгжлийн болоод хүмүүнлэгийн салбарт олон үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар тус байгууллагад 700 гаруй залуус нэгдэн ажиллаж байна. Харин Сингапурын боловсролын групп нь АНУ, Швейцар, ХБНГУ, Япон зэрэг дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч 12 улсын их, дээд сургуулиудтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг аж.
Байлдагч Ж.АМАРТҮВШИН:
-Багахангай дүүргээс II ээлжийн цэрэг татлагаар ирсэн. Talk talk English хичээлд хамрагдаж байгаадаа баяртай байна. Хичээл зааж буй багш нар сургалтыг маш сонирхолтой байдлаар заадаг. Англи дуу хөгжим, кино зэргээр сонсгол, унших чадварыг сайжруулж байна. Цэрэгт ирээд ийм сургалтад хамрагдана гэж огт бодож байгаагүй. Цаашдаа миний амьдралд маш их хэрэгтэй сургалт болж байгаад баяртай байна. Нийт 60 цагийн хичээл орохоос одоогоор 12 цагийн хичээл ороод байна.
Байлдагч А.МӨНХЖАРГАЛ:

Байлдагч Э.АЛТАНГЭРЭЛ:
-Би англи хэлний түвшин тогтоох шалгалтад орж, дунд түвшнээс эхлэн суралцаж байна. Өмнө нь англи хэлийг судалж байсан хэдий ч хэзээ ч гадаад багштай харьцаж байгаагүй. Харин “Онц цэрэг” төсөлд хамрагдсанаар АНУ-аас ирсэн хоёр багш бид бүхэнд яриа, дадлагын хичээлийг зааж байна. Энэ нь надад олдох ховор завшаан гэж би харж байгаа. Хэрвээ Зэвсэгт хүчинд алба хаагаагүй бол ийм хэмжээний сургалтад хамрагдаж чадахгүй байсан. Цэргийн алба залуусыг тал бүрээс нь хөгжүүлж, чаддаг гайхалтай алба гэж хэлье.