• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАДУУДЫНХАА АМЖИЛТААР ОМОГШИХ ГЭСЭН ЮМ
Нийтэлсэн: 2015-04-16 14:58:09
Үзсэн: 58

АХМАДУУДЫНХАА АМЖИЛТААР ОМОГШИХ ГЭСЭН ЮМ
Нийтэлсэн: 2015-04-16 14:58:09 Үзсэн: 58



    Ард олондоо “шүхрийн” гэсэн нэрээр овоглогдсон Зэвсэгт хүчний 084 дүгээр анги 50 жилийн ойгоо угтаж “Бидний бахархал” уулзалт-ярилцлага зохион байгуулахад хоёр дайнд оролцсон 92 настай ахмад дайчин Г.Батмөнх, ангийн штабын дарга, захирагчаар ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа Н.Баатар, Шүхрийн олон улсын хэмжээний мастер бэлтгэл хошууч Д.Батсайхан, тус ангийн анхны цэрэг, анхны шүхэрчин дайчдын нэг, бэлтгэл ахмад М.Буянжаргал, Хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер, бэлтгэл ахлах дэслэгч Ш.Лхагва, шүхрийн спортын мастер, СТА, бэлтгэл ахлах ахлагч Ц.Хандсүрэн, буудлагын спортын мастер Н.Цэрэндолгор нар уригджээ.

   Уулзалтын салхийг хагалж тус ангийн захирагч, хурандаа Ч.Түмэндэмбэрэл хэлсэн үгэндээ “Ахмад үеийнхээ амжилт бүтээлээр омогшиж, бие бүрэлдэхүүнээ амжилтын оргил өөд уриалах гэж бид энэ арга хэмжээг сэдсэн. 9 дүгээр сард тохиох хагас зуун жилийнхээ ойг угтаж, хоёр ч ийм уулзалт ярилцлага зохион байгуулна” хэмээн онцлоно лээ.

      Ангийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Мөнхжаргал хүндэтгэн урьсан ахмадуудын гавьяат үйлсийг сонордуулсаны дараа залуу үед сургамжтай, сонин содон олон дурсамж хөвөрлөө.  Бэлтгэл дэд хурандаа Н.Баатар “1978-1979 оны сургуулийн жилд 084 дүгээр анги Армийн Онц ангийн алдрыг хүртэхэд би штабын даргаар ажиллаж байсан. Армийн хэмжээнд төрсөн хоёр дахь Онц анги болсоноор бид өдгөө ч бахархаж явдаг. Бүлгийн сургуулиар манай дайчид 1974 онд 120 км замыг 48 цагийн дотор туулсан. Тэвчээр хатуужилтай, чадварлаг дайчид байсан” гэж сонирхуулав.

    “Шүхрээр 2248 удаа буусан. Монголд 2000-аас дээш буусан зургаан хүн байдаг. Би гуравт нь жагсдаг. Нэгд нь Д.Отряд багш, хоёрт нь УБХТН-д ажиллаж байгаа Төртогтох орно. Манай ангид хамгийн нам өндрөөс буюу 200 м-ээс шүхрээр буусан амжилт хадгалагддаг. Бид шөнийн, усны, модны буултыг амжилттай зохион байгуулж ирсэн. Шүхэр бол хийморь сэргээсэн, итгэлт хүлэг шүү” гэж бэлтгэл хошууч Д.Батсайханыг хэлэхэд ангийн бүрэлдэхүүн уухайлан дэмжлээ.

     Анхны шүхэрчин, бэлтгэл офицер М.Буянжаргалын яриа хүмүүст сургамж хайрлав. “1985 онд төр засгийн удирдлагад үзүүлэх хээрийн  сургууль Налайхад болсон. Бид Ми-8 онгоцноос байлдааны буулт хийх үүрэг хүлээв. Миний ээлж болж онгоцноос үсэртэл нүүр рүү цохиод авах шиг болоод ухаан алджээ. Нэг мэдэхнээ газар ойрхон ирсэн байлаа. Амжиж шүхрээ задлаагүй бол дуусах байсан. Буугаад хартал нөөц шүхэр, буу маань нэл цус болсон байлаа. Хацар дээр нойтон оргиод байхлаар барьж үзвэл миний хамар тасраад наалдчихсан байв. Дор нь эргүүлээд наачихсан. Мэдээж эмнэлэгт хүргэгдэж оёдол тавиулаад зүгээр болсон. Би онгоцноос үсрэхдээ дор нь байсан пуужингийн харвах суурийг мөргөсөн юм билээ. Онгоцноос зөв гарах тун чухал” гэсэн нь олон хүнд нэгийг бодож, хоёрыг ухаарах сэдэл өгсөн биз ээ.

     Буудлагын спортын мастер Н.Цэрэндолгор “Өдгөө би нас сүүдэр 76 хүрсэн ч тэмцээн уралдаанд оролцсоор яваа. Ази тивийн ахмад мастеруудын тэмцээнд 5 удаа орж бүгдэд нь алтан медаль хүртээд байна. Хүний нас гэдэг тоо юм шүү. Хүний авъяас чадвар хөгширч өтөлдөггүй гэдгийг санаж яваарай” гэв. Шүхрийн спортын мастер, бэлтгэл ахлах ахлагч Ц.Хандсүрэн “Ангийн захирагч Навирай дарга намайг Нисэх спортын төв клубт тамирчин байхад ирж уулзаад “манай ангийн дайчид анх удаа шүхрээр буух гэж байна. Жаахан айгаад байх шиг байна. Үлгэрлээд буугаад өгөөч” гэсэн. Би дуртай зөвшөөрч тус ангийн дайчдыг манлайлан шүхрээр буусан. Жижигхэн годгор бүсгүй шүхрээр буугаад байхад бид эрчүүд байж юунаас айдаг байна гэж тэд бодсон гэсэн. Тэдний дунд миний ирээдүйн хань Ц.Сахьяа байсан. Би ажлаа ч, амьдралаа ч 084 дүгээр ангитай насан туршдаа холбосон. Хаана ч явсан төрөлх ангиараа бахархаж, алба хаасан он жилүүдээ дурсан санаж явдаг” гэж ярьсан нь офицер, ахлагч нарт ангийнхаа түүх уламжлалаар бахархах омогшил төрүүлэв.

     Ахмад дайчин Г.Батмөнх “1939 оны дайнд эмнэлгийн бүлэгт томилогдон асрагч, сувилагчаар алба хаасан. Нэг өдөр худаг дээр ус аваад зогсож байтал хэдэн жижиг тэрэг давхиж ирээд жолооч нар нь ус авахаар зогслоо. Орос дарга нар зайдуухан зогсоод гар буугаар бай буудаж харагдав. Би сонирхож ажвал нэг нь ч оносонгүй. Би хэлмэрчээр нь дамжуулж зөвшөөрөл аваад эхний сумаар шүдэнзний хайрцагийг онолоо. Орос дарга сайн байна гээд надад 10 төгрөг гаргаж өгсөн. Хожим мэдэхнээ жанжин Г.К.Жуков намайг шагнасан юм билээ. Тэрхүү 10 төгрөгийг би олон жил нандигнан хадгалаад Маршалын гэр музей нээгдэхэд хадгалуулсан” гэсэн сонин түүх дэлгэлээ.

    Бэлтгэл ахлах дэслэгч Ш.Лхагваа “Би 1984 онд тус ангид салбарын улс төрийн орлогчоор томилогдож ирсэн. 2005 оноос мастер тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж явагдаж эхэлсэн. 35-аас дээш насныхан оролцдог тэмцээн л дээ. Энэ тэмцээнээс би дэлхийн 3 удаагийн аварга болсон. Азийн болон дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн. Миний нас 60 хүрч байгаа ч цаашид тэмцээн уралдаанд оролцох хүсэлтэй явдаг” гэж ярьсан.

    Ийнхүү залуу офицер, ахлагч нарт үлгэр дууриал болсон гавъяат үйлсийн эзэд ахмадууд ангидаа зочилж, бие бүрэлдэхүүнд шинэ санаа, эрч хүч, урам зориг өгөх дурсамжаа хуваалцав. Сэтгэл, зүтгэлээрээ цэл залуухан яваа тэднээр бахархахгүй байхын аргагүй юм.

Г.НЯМДОРЖ

 

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226