“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн албан ёсны нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр МУИС-ийн төв байрны дугуй танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, их, дээд сургуулиудын удирдлага, оюутан сонсогчдын төлөөлөл оролцлоо. МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан 175 мянган оюутан залуусынхаа өмнөөс ёслолд оролцогчдод “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэсэн юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 92 дугаар зарлигийг уншин сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зарлигийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нарт тус тус гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж, 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болоод байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг монгол залуу болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг, зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших өргөн утга агуулгаар санаачилсан бөгөөд их, дээд сургуульд суралцагч оюутан залуус сурахын зэрэгцээ цэргийн албаа хааж, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэхийн зэрэгцээ төгсмөгцөө төрийн албанд ажиллах зэрэг олон боломж нээгдэх юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц энэ жилдээ 500 оюутан цэргийн алба хааж, цаашлаад хүссэн оюутан бүр энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. Иймд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж олгож буй “Оюутан-цэрэг”хөтөлбөр цаг үеэ олсон арга хэмжээ болж буйд оюутан залуус талархаж байгаагаа илэрхийлж байлаа.