Гадаадын цэргийн сургууль, дамжаа төгссөн ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт боллоо. “Ахлагчийн албаны хөгжилд бидний оролцоо” сэдвийн хүрээнд чуулсан тэд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ зэрэг улс орнуудын ахлагчийн сургуулиуд, тэдгээрийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, сургалтыг хэрхэн зохион байгуулж явуулдаг арга туршлагын талаар санал бодлоо солилцож, ахлагчийн албаны ирээдүйн чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар ярилцлаа. Бодит хэрэгцээнд суурилсан оновчтой санал санаачилга гаргах, төлөвлөгөө боловсруулах, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх нь чуулга уулзалтаас гарах үр дүн гэдгийг энэ үеэр ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай онцолсон юм.
Мөн тэрээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2015 оныг ахлагчийн жил болгон зарласан, энэ боломжийг ашиглаж, үр дүнтэй ажиллах ёстойг ч нэмж тодотгов.

