• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВЫН ХЭЛСЭН ҮГ
Нийтэлсэн: 2014-03-21 14:52:22
Үзсэн: 102

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВЫН ХЭЛСЭН ҮГ
Нийтэлсэн: 2014-03-21 14:52:22 Үзсэн: 102



Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд аа!

Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд, эх орныхоо батлан хамгаалах үйлсэд алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч,  сонсогч байлдагчид аа!

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өрнүүн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

              Монголчууд эрт, эдүгээгийн аль ч үед хөх тэнгэртээ сүслэн залбирч эх нутаг, газар шороо, туурга тусгаар улс гэрийнхээ төлөө нэгэн биений зовлон, жаргалыг умартан, амь хайргүй тэмцэж ирсэн баатарлаг, дайчин уламжлалтай ард түмэн билээ.

Хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Хүннү гүрний “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийн тулгуур үзэл, номлол нь Монголчуудын мандан бадарч, бууран доройтож явсан түүхийн аль ч үед уламжлагдан хадгалагдаж, сорилт, шалгуур бүхнийг даван туулсаар бидний үед залгамжлан ирсэнийг он цагийн алтан хэлхээс тодоос тод гэрчилнэ.

 

Өвөг дээдсээс улбаатай төрийг төвшитгөх, алсын хараатай, онч мэргэн бодлогыг Суут богд эзэн Чингис хаан уламжлан авч,

боловсронгуй болгон хөгжүүлснээр тархай бутархай, нүүдэлчин овог аймаг гэгдэж байсан цөөхөн Монголчуудыг ертөнцийн түүхэнд урьд, хожид байгаагүй аугаа том эзэнт гүрнийг хураан захирч, нэгэн тугийн доор нэгтгэсэн их хувь заяанд хөтөлсөн билээ. 

Монгол Улсын түүх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, цэрэг эрсийн баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой.  

              Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэнийг Монголын ард түмэн үргэлж бахархан дурсдаг юм.

Энэ жил Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хүнд бэрх дайны жилүүдэд Орос нөхөдтэйгөө хамтран ялалт байгуулсныг Монголын ард түмэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа нь манай цэргийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна.        

              Монгол Улсад өрнөсөн 1990-ээд оны нийгмийн хөгжлийн шинэчлэлийн үйл явцтай уялдан улс орныг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл, номлол шинэчлэгдэн,

 

Зэвсэгт хүчний хөгжилд зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэнээр ирээдүйд чиглэсэн хөгжлийн стратеги, төлөвлөлтийн цэгцтэй бодлого хэрэгжих болсон юм.

  Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавхи тасралтгүй дээшилж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого  баримталж, гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцах боломж нээгдсэнээр Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжиж байгаагийн зэрэгцээ манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болж, тэдний мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхи улам бүр өсөн нэмэгдэх болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөдөр Зэвсэгт хүчний 1300 орчим цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь Үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын нэгээхэн хэсэг болсон төдийгүй дэлхий дахинаа Монгол цэргийн нэр хүнд, үнэлэмж өсч, иргэд залуучууд, өсвөр хойч үеийнхэнд эх оронч үзэл, Монгол цэргийн талаар хүндэтгэл, бахархалтай хандах үзэл, хандлагыг бодитойгоор төлөвшүүлж байна. 

 

 

Түүнчлэн цэргийн хамтын ажиллагаатай улс орнуудтай хамтран “Khаan Quest”, “Сэлэнгэ”, “Талын манлайлагч”, “Нүүдэлчин заан”, “Шийдэмгий шийдэл” зэрэг энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагаа, олон улсын төлөвлөлтийн томоохон сургуулиудыг эх орондоо амжилттай зохион байгуулж дадлага, туршлагаа нэмэгдүүллээ.

 

              Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой ”Асгатын мөнгөний орд”-ын авто зам, бетон гүүрийн ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн нь үүний нэг тод жишээ болж байна.

 

Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх талаар зарчмын шинэлэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчдад алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил давхар эзэмшүүлэх ажлыг эхлүүлж, 500 гаруй цэргийн алба хаагчийг сургаж бэлтгэсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэлэлцэгдэн батлагдсан. Энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуульд суралцаж

байгаа цэргийн насны оюутан, залуусыг суралцах хугацаандаа хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэргийн алба хаах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэн өгч буй нийгмийн ач холбогдолтой чухал арга хэмжээ бөгөөд бид уг хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж эхлээд байна.   

Эрхэм нөхөд өө!

Хүндэт зочид оо!

Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчин болон хөгжих зорилт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, хуулиар хүлээсэн үндсэн үүргийнхээ зэрэгцээ энхийг дэмжих ажиллагаа түүнчлэн улс орныхоо бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх болно.

 

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан ахмад дайчдаа Монгол цэргийн баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

 

              Монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ! 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226