УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд ажлын хэсэгт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох албан тушаалтнууд болон тус Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд багтжээ.
Байнгын хорооны ажлын хэсгийн зарим гишүүд УИХ-ын 2014 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник, галт хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцсан бол энэ удаад тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг болон ажлын дэд хэсгийн зарим гишүүд энэ сарын 03-04-ний өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутагт дэвсгэрт байрладаг зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд эхлээд Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний тайван цагийн бэлтгэл сургуулилт, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцсан юм.

Тус ангийн захирагч, дэд хурандаа Н.Алтангэрэл тус ангийн бие бүрэлдэхүүн тайван цагт олон талт үүрэг гүйцэтгэх бүрэн чадавхитай, ангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг илтгэлээ. Мөн тэрээр “Зэвсэгт хүчний Жанжин штабаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл сургалт явагдаж байгаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох цэрэг дайчдын хэлний бэлтгэлийг хангах үүднээс 2008 онд гадаад хэлний сургалтын төв байгуулж, АНУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн багш ажиллуулдаг. Цэрэг, иргэний холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл сурталчилгааг сайжруулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, орон нутгийн бусад байгууллагатай байнгын холбоотой, ойр дөт ажилладаг” гэдгээ танилцуулсан юм.

Харин ангийн сургалтын төвийн газрын маргаантай асуудлыг зохицуулж өгөх, албан хаагчдын орон сууцны хүрэлцээ хангалтгүй байгаа нь шинээр томилогдон ирж буй офицер, ахлагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгааг анхаарч туслахыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, ажлын хэсгээс хүслээ.

Тус анги нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох Монголын бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Сүүлийн арваад жилд ангийн нийт бие бүрэлдэхүүний 85 хувь нь буюу давхардсан тоогоор 1100 гаруй офицер, ахлагчид олон улсын энхийг сахиулах болон НҮБ-ын бусад үйл ажиллагаанд оролцоод иржээ. Одоогоор тус ангийн 162 албан хаагч Өмнөд Суданд, 10 албан хаагч Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уламжлал болгон зохион байгуулдаг үзлэг шалгалт, уралдаан тэмцээнд тус ангийн хамт олон жил бүр амжилттай оролцдог агаад өнгөрсөн жилд гэхэд Зэвсэгт хүчний анги, салбаруудын дунд явагдсан уралдаан тэмцээнд нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.

Ангийн захирагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд зарим зүйлийг тодруулав. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ, тус Байнгын хороо УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулахад гол анхаарлаа хандуулж ажиллах болно. Бодлогын энэ баримт бичиг батлагдсанаар салбарын олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарна. Иймээс батлан хамгаалах салбарт тулгарч байгаа асуудлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, энэ үндсэн дээр асуудлаа зөв, оновчтой тодорхойлж бодлогын баримт бичигтээ тусгах шаардлагын үүднээс зэвсэгт хүчний анги, салбаруудын үйл ажиллагаа, зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтыг газар дээр нь үзэж танилцах, удирдах болон нийт бие бүрэлдэхүүний санаа бодлыг сонсох нь чухал байгааг онцлов.

Ингээд ажлын хэсгийн гишүүд төрийн цэргийн бодлогын талаарх бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах шаардлага, үзэл баримтлал, түүнд тусгах асуудлаар ажлын дэд хэсэгт ажиллаж байгаа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах албан тушаалтнууд болон тус ангийн удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын ажилтнуудтай санал солилцож, ангийн цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдал, бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтын явцтай танилцав.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг нар энэ өдрийнхөө үдээс хойш Орхон аймаг дахь зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Маршал Г.Дэмидийн нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт тус анги нь анх Цэргийн яамны сайдын тушаалаар 1936 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Хадан хөв хэмээх газар байгуулагдаж байсан түүхтэй аж. “Матадын 8 дугаар морьт дивиз” хэмээн алдаршсан тус дивиз байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үүргээ үнэнчээр гүйцэтгэн 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд амжилттай оролцож баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй. Энэ домогт дивизийн дайчдын дундаас Д.Нянтайсүрэн, Ч.Дугаржав, Д.Самдан, В.Шарав нар улсын баатар цол хүртжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа дивизийг татан буулгаж байлдааны тугийг нь Барилгын цэргийн 8 дугаар батальонд хадгалуулсан агаад улмаар 1979 онд 8 дугаар морьт дивизийн байлдааны тугийг одон тэмдгийн хамтаар мотобуудлагын 186 дугаар нэгтгэлд шилжүүлэн хадгалуулжээ. Засгийн газрын 2000 оны 60 дугаар тогтоолоор тус ангийг маршал Г.Дэмидийн нэрэмжит болгосон байна.