• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Д.ГАНЗОРИГ: РЕЙНЖЕР БОЛОХЫН ӨМНӨ АМЬДРАЛДАА АНХ УДАА ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЗСЭН
Нийтэлсэн: 2015-03-19 14:36:04
Үзсэн: 49

Д.ГАНЗОРИГ: РЕЙНЖЕР БОЛОХЫН ӨМНӨ АМЬДРАЛДАА АНХ УДАА ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЗСЭН
Нийтэлсэн: 2015-03-19 14:36:04 Үзсэн: 49



Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн баярыг тохиолдуулан ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга Д.Ганзоригтой ярилцлаа. Тэрээр хамгийн дээд зэргээр бэлтгэгдсэн армийн тусгай хүчин болох рейнжерийн сургалтыг Монголоос дүүргэсэн анхны хүн юм.

 -Рейнжер гэдэг монголчуудын хувьд харьцангуй шинэ ойлголт. Тиймээс эндээс яриагаа эхлэх үү?

 -Рейнжер гэдэг нэр цэргийхний хувьд анх АНУ-ын иргэний дайны үед гарч ирсэн. Улмаар Дэлхийн II дайны үед цэргийн үйл ажиллагааг удирдах, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсийн шаардлага бий болж, рейнжерийн сургалтыг албан ёсоор зохион байгуулсан. Ингэхдээ Англи, Израйль гэх мэт дэлхийд алдартай тусгай хүчинтэй улсын туршлагыг судалж, сургалтын хөтөлбөрөө АНУ-ын Арми боловсруулсан байдаг. Нөгөө талаасаа рейнжерийг армийн тусгай хүчин гэж ангилж явдаг юм. Ер нь арми дотроо олон тусгай хүчин байгаа шүү дээ. Тусгай хүчин дотроо бас тусгай ангилалын хүчинтэй. Рейнжерийн сургалтын хөтөлбөр нь анх хийснээсээ ямарч өөрчлөлтгүйгээр одоо хүртэл мөрдөгдөж явдаг. Энэ сургалтын тогтолцоог бүрдүүлж, рейнжерүүдийг бэлтгэх болсон нь АНУ-ын тухайн үеийн зэвсэгт хүчний зөв алхам байсан гэж хувьдаа хардаг. Рейнжер гэдэг өөрийн гэсэн үнэлгээтэй сургалт. Олон улсад рейнжер нэртэй, тусгай хүчин бэлтгэдэг сургалтууд байдаг. Тэр дундаас АНУ-ын армийн рейнжер нэр хүндийн хувьд харьцангуй өндөр.

 -Арми доторхи тусгай хүчнүүдээс хамгийн сайн бэлтгэгдсэн нь рейнжер гэж ойлгож болох уу?

 -Тэгж ойлгож болно.Тэд дэлхийн ямар ч цэгт ажиллагаа гүйцэтгэх чадвартай, бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Тэр утгаараа АНУ-ын армийн  рейнжерийн сургалтад манайхан 2002 оноос явж эхэлсэн юм. Анх би яваад, миний араас хурандаа С.Түвшинбаяр, хурандаа Л.Гансэлэм бид гурав дараалж явж энэ сургалтыг дүүргэсэн.

 -Хугацаа нь ямар байдаг юм бэ?

 -Урт хугацааных биш л дээ. Сургалтад хамрагдаж байгаа хүнээсээ хамаараад 70-аас 110 хоног байдаг. Диплом, ханцуйн тэмдэг төгсөхөд гардуулдаг. Нэг ёсондоо тодорхой ангилал зааж өгөөд, энэ хүн бол рейнжерийн сургалтыг төгслөө гэдэг ялгарах тэмдэгтэй болдог. Сургалтад хоёр удаа л алдаа гаргах юм бол шууд хөөгддөг.

 -Онолын хичээл бараг орохгүй юу. Голдуу биеийн хүчний сургалт байх уу?

 -Ихэвчлэн практик талдаа. Сургалтын гол зорилго нь байлдааны үйл ажиллагааг ямар ч нөхцөлд жижиг бүлгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай хүмүүс төгсөнө гэсэн үг. АНУ-ын цэргийн хүчин анх ротод нэг, яваандаа салаанд нэг рейнжер байхаар төлөвлөж сургалт явуулж байсан. Одоо бол АНУ-д рейнжерийн бүхэл бүтэн нэг хороо бий. Дээр нь цэргийн сургууль төгссөн офицер болгоныг болж өгвөл рейнжерийн сургалтад хамруулах зорилго тавьдаг. Гэхдээ Рейнжерийн сургалтыг 30 гаруй хувь нь л төгсдөг. Өөрөөр хэлбэл орсон хүн бүр төгсдөггүй. Гэхдээ шалгуур давсангүй гээд тухайн хүний албан тушаалыг бууруулахгүй, тухайн хүний чадвар ийм байна гэдгийг тодорхойлдог. Энэ нь цаашид хүний нөөцийн бодлогодоо их нөлөөтэй байдаг. Зэвсэгт хүчний дүр төрх ямар байх вэ гэдгийг харуулсан том сургалт.

 -Гаднын хүмүүүсийг сургахад шалгуур илүү өндөр байх уу?

 -Тодорхой хэмжээний хязгаар тавьдаг шиг байгаа юм. Англи хэлийн оноо нь АНУ-ын төрөлх англи хэлгүй цэргийнхнээс авдаг төвшин тогтоох тестийн дагуу 80-аас дээш хувьтай байх ёстой. Учир нь бүх зүйлийг биеэр, дадлагаар хийж байхад толь бичиг эргүүлээд сууж байх ойлголт байхгүй. Гадаад дотоод гэлтгүй бүгд нэг төвшинд сургалт явуулдаг учраас хэлний шаардлага харьцангуй өндөр. Дараагийн шаардлага нь эрүүл мэндийн асуудал. Түүнчлэн энэ сургалт амь насанд эрсдэлтэй учраас хүн болгон гэрээслэлээ бичиж үлдээдэг. Нэг ёсондоо амь нас үрэгдэх юм бол эд хөрөнгөө хэрхэн хуваарилахаа бичдэг юм билээ. Би амьдралдаа анх удаа тэнд гэрээслэл бичиж үзсэн. Хуваарилаад байх юм байхгүй ч бичиж үзсэн. Сургалтыг хүн болгон янз бүрийн өнцгөөс хардаг байх. Миний хувьд байлдааны ямар ч нөхцөлд,янз бүрийн зан ааштай хүмүүсээр баг бүрдүүлэх арга техникийг хэрэгжүүлэх өөр боломж байдгийг мэдэж авсан.Нөгөө талаас тухайн сургалтад явахаас өмнө Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу Элитийн батальонд би алба хааж байсан учраас тухайн үеийн сургалттайгаа харьцуулж байгаа юм. Сонирхолтой нь манай гурван рейнжер гурвуулаа 150  дугаар ангийн анхдагчид байсан. Бид гурваас хойш энэ сургалтад явах хүмүүс тасарсан.

 -Уг нь явсан юм уу, яваад тэнцээгүй юм уу?

 -Явсан юм. АНУ сонгосон улсдаа рейнжерийн сургалтад сурах урилга явуулдаг. Тэр урилгын дагуу явуулсан хүмүүс нь тэнцэхгүй таван удаа хасагдах юм бол тухайн улс руу дахин цэргийн алба хаагчаа рейнжерийн сургалтад сургах урилга явуулдаггүй юм.

 -Тэгэхээр сургалтын шаардлага их хатуу байх нь дээ. Яг дайны цагийн байдалд байгаа юм шиг л байх уу?

 -Яг тийм.

 -Сэтгэлзүйн хувьд хэр өөрчлөлт гарав. Энэ сургалт шүү гэж бодоод гайгүй байх уу, эсвэл яг дайн дунд байгаа юм шиг л байх уу?

-Хэцүү бололгүй яах вэ. Жишээ нь сургалтаа төгсчихөөд, ердийн байдалдаа ирээд шөнө нэг цаг унтчихаад цочиж сэрээд “Би яагаад унтчихав” гэж боддог. Учир нь тэнд унтах эрх байхгүй.  Өгсөн үүргийг биелүүлтэл багаараа ажиллаад л байна. Тухайн өдрийн удирдаж байгаа хүн зохион байгуулах чадвартай бол даалгаврыг богинохон хугацаанд биелүүлэх боломжтой. Жаахан будилуу нөхөр удирдвал будилсаар байгаад 24 цаг явчихна. Тэгээд дараагийн өдрийн даалгаврыг өгчихөөр шууд залгаад гүйцэтгэх болчихдог. Тэрэндээ бие дасаад, “Би унтаж болохгүй шүү. Унтвал хасагдана” гэсэн команд тархинд суучихсан. Энэ мэт сэтгэлийн дарамт их. Телевизээр тусгайгийнхны айхтар кинонууд гардаг шүү дээ. Тэнд гардаг зүйлсийг үндсэндээ бүгдийг нь хийлгэдэг юм. Онгоцноос буулгана, усан дээгүүр, доогуур явна. Ой дотор, намаг, уул гээд яг дотор нь ороод явахад тийм амархан ажил биш л дээ. Ер нь цэргийн амьдрал яг өрнөж байх үедээ тийм сайхан зүйл биш шүү дээ. Гүйцэтгээд дууссаны дараа би үүнийг хийчихлээ гэсэн бахархал төрнө л дөө.

 -Та тэгээд хэд хоногт сургалтаа дүүргэв?

 -Би хамгийн богино хугацаанд, 70 хоногтоо дуусгасан.

 -Багаар ажиллахдаа оролцож байгаа хүмүүс нь ээлжлээд биенийгээ удирдаад даалгавар гүйцэтгэдэг гэсэн үг үү?

 -Тийм. Тэгж багийг удирдах чадварыг эзэмшүүлдэг. Сэтгэл санааны болон бие махбодийн дарамтанд байх үедээ зөв шийдвэр гаргах чадвартай байна уу, бие бүрэлдэхүүнийг удирдах чадвартай байна уу  гэдгийг сургалтын турш үнэлсээр байгаад тэнцсэн хүмүүс рейнжер болдог. Тиймээс удирдлагын том сургалт гэж үнэлдэг.

 -Даалгаврууд хэр бодитой байдаг вэ?

 -Эдийн засгийн боломжтой улсын хувьд явуулж байгаа бүх ажиллагаа яг бодит амьдралд нийцүүлж хийдэг. Эсрэг талд тоглож байгаа хүмүүс нь ч бодит мэт байдаг.

 -Түрүүн та усан доогуур шумбадаг гэх мэт ажиллагааны хэлбэр хэлсэн. Танд хамгийн бэрхшээлтэй ажиллагаа нь юу байв?

 -Ер нь тэр чигээрээ Монголд байдаггүй нөхцөл л болчихоод байгаа юм. Хамгийн эхний шат нь намаг ихтэй газар байдаг. Хоёрдахь нь уулын үе шат. Гуравдахь нь Флоридагийн ширэнгэн ойн үе шат. Тэр нь далайн эргийн хавьцаа үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургалтыг дүүргэснээр дэлхийн ямар ч цэгт байлдааны үйл ажиллагаа явуулах бүрэн чадвартай боллоо гэдгээ баталж байгаагаараа онцлог. Монгол хүн уулын орой дээр гарахад гоё сэтгэгдэл төрдөг. Цаанаа нэг уужраад ирдэг, алсыг харах нөхцөл бүрдээд. Тэр утгаараа уулын үе шат сэтгэлд арай ойр байсан. Бусад нь байгалыг хувьд Монголоос тэс өөр, сургалтын орчин нь сэтгэл зүйн бэлтгэл, хатуужил, тэвчээр шаардсан.

 -Монгол хүн бие бялдрын хувьд илүү чадвар тэвчээртэй л гэж өөрсдийгөө магтаад байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

 -Хүмүүс янз бүрийн үүднээс тэгж авч үздэг байх. Монгол хүнд омогших зүйл харьцангуй олон байдаг. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, дээр нь гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн үүрэг гүйцэтгэлийг цэргийн хувьд хөгжсөн орнуудын алба хаагчидтай харьцуулахад нэг их дордохгүй. Ес суртахууны хувьд ч цэргийн албан хаагчид харьцангуй өөр болж, ухамсар дээшилсэн. Гэхдээ хувь хүний, бүтэц зохион байгуулалтын, зэвсэг техникийн хувьд цаашид хөгжүүлэх шаардлага ч бий. Монгол хүний тухай асуудал гэхээс мөн Монгол Улсын зэвсэгт хүчин бол улс орны тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүний зэрэгцээ иргэдээ дэмжих хүмүүнлэгийн ажил хийдэг гэдгийг би бас онцолж хэлмээр байна. Тэр болгон хэвлэлээр гараад байдаггүй ч жилдээ 7000-8000 хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хүмүүнлэгийн ажил хийдэг. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа. Гэхдээ хууль тогтоомжийн дагуу нийгмийн бүхий л ажиллагаанд оролцоод байж болдоггүй. Хүмүүнлэнгийн үйл ажиллагааг бол тодорхой хэмжээнд хийдэг гэдгийг онцолмоор байгаа юм.

 -Ингэхэд таны үндсэн мэргэжил юу вэ. Эсвэл анхнаасаа л цэргийн хүн болохоор бэлтгэгдсэн үү?

 -Би дунд сургуулиа төгсөөд л цэргийн сургуульд орсон. Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдаас би азтай хүний нэг л дээ. ОХУ, АНУ,Хятадад цэргийн сургуулиудыг дүүргэсэн хүн бараг байдаггүй. Би гурвууланд нь суралцаж дүүргэсэн. ОХУ, АНУ-д нийтдээ гурван магистр хамгаалсан. Энэ бол төр засгийн, аав ээжийн буян. Манай цэргийн албан хаагчдын боловсролын төвшин үнэхээр нэмэгдэж байгаа. Зөвхөн Монгол Улсадаа бие бүрэлдэхүүнийг сургахаас гадна гадаадын олон оронд сургаж байгаа. Жишээ нь, ОХУ, БНХАУ, Япон, АНУ, Франц, Турк, Итали, Герман, Австрали гээд. Бие бүрэлдэхүүнийг гадаад оронд сургаж байгаа байдал нь батлан хамгаалах салбарын гадаад харильцааны цар хүрээг харуулж байгаа болов уу. Мөн цэргийн ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг хамруулж байгаа нь тэдгээрийн дадлага, ур чадварыг бид нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Одоо манай Зэвсэгт хүчний дөрвөн цэргийн баг хилийн чандад үүрэг гүйцэтгэж байна. Тэд бүгд дадлага, үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлж байгаагаас гадна Монгол Улсын энхийн элч болж байгаа. Иймд ч ГХ-ийн сайд асан Л.Болд Батлан хамгаалах яамыг Монгол Улсын хоёрдахь Гадаад хэргийн яамтай дүйцүүлж хэлсэн байдаг. “Хоёр дахь Гадаад хэргийн яам” гэдэг нэр манай зэвсэгт хүчний хүлээх үүрэг хариуцлагыг өндөрсгөж байна гэж бид ойлогдог.

 -Дээрх гурван улсад зэргээ нэмэх байдлаар суралцсан уу?

 -Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого бол тухайн цэргийн алба хаагчийг дараагийн албан тушаалд нь бэлддэж сургалтад хамруулдаг ерөнхий зарчим баримталдаг. Үүний дагуу би ОХУ-д анх Цэргийн дээд сургууль төгссөн. Дараа нь БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх шугамаар тусгай хүчний сургуулийг дүүргэсэн. Хамгийн сүүлд АНУ-д бараг бүх шатны сургалтыг дүүргэлээ дээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226